Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ хөнгөлөлттэй зээл олговол 2023 он гэхэд шууд экспортлох боломжтой махны дөрвөн үйлдвэр ашиглалтад орно"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр юу хийж буй талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө.

"Тухайн үйлдвэрүүд ашиглалтад орвол 2,500 иргэн ажлын байртай болно"

Тэрбээр “Бид жилд 100-150 мянган тонн махыг экспортод гаргах зорилтыг тавьсан. Ийм боломж нь ч бий. Өнгөрсөн хугацаанд бид 60 гаруй үйлдвэрийг итгэмжлээд мах импортлогч орны шаардлага нөхцөл хангасан гэсэн дүгнэлт гарган явуулж байгаа.

Малын махыг экспортод гаргахад үйлдвэрлэлээ жилийн дөрвөн улиралд тасралтгүй явуулах, экспортын стандартыг хангах чиглэлд дэмжиж өгөх чиглэлд ажиллаж байна.

Энэ чиглэлээр бид боловсруулах үйлдвэр болон нэмүү өртгийн сүлжээ, шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох бодлого барьж буй. Энэ хүрээнд бид бүсчилсэн байдлаар махны дөрвөн үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа.

Тодруулбал, зүүн бүсэд Дорнод аймаг, баруун бүсэд Ховд аймаг болон Архангай, Булган аймагт экспортын мах боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Тухайн дөрвөн бүсийг сонгохдоо малын төвлөрөл, эрчим хүчний нөөцийг харгалзаж, тээвэр ложистикийн оновчтой байршлыг ТЭЗҮ-ээр нь тодорхойлж гаргасан юм.

Уг дөрвөн үйлдвэрийг БНХАУ-ын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийх бөгөөд нийт 78 сая төгрөг төсөвлөгдсөн.  ТЭЗҮ-г нь тухай тендерт шалгарсан аж ахуйн нэгж гүйцэтгээд яаманд хүлээлгэн өгсөн.

Одоо хоёр талаас ажлын хэсэг томилоод гэрээнийхээ нарийвчилсан хэлцэлд ороод ажиллаж байна. Хэлцлийг энэ онд багтаан дуусгах зорилго тавьсан.

Хэрэв хэлцлийг амжилттай хийж чадвал бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлж, 2023 он гэхэд экспортын мах боловсруулах жишиг дөрвөн үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тухайн дөрвөн үйлдвэр нь улирал харгалзахгүйгээр тогтвортой мах боловсруулах бөгөөд жилд 20-30 мянган толгой малыг вакцинжуулан эрүүлжүүлэн тусгаарлаад, дараа нь мах бэлтгэлд оруулах юм.

Дөрвөн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар тухайн үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийг шууд экспортлох боломжтой төдийгүй нийт 2,500 иргэн шууд ажлын байраар хангагдана" хэмээв.