Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотооддоо элсэн чихэр үйлдвэрлэх, тариалалт бий болгох чиглэлд судалгаа хийж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүнсний ногоо тариаланчдад зориулсан тусгай зээл гаргахаар Сангийн яамтай санал солилцож байгаа тухайгаа ХХААХҮ-ийн айд З.Мэндсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Тэрбээр “Бид хүнсний бүх төрлийн импортын будааг тариалахыг зорьж байна. Хамгийн гол нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангахыг зорилгоо болгоод байгаа. Тухайлбал, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэрэгтэй бөгөөд одоогоор 60-ийг нь хангаж байна.

Цаашид хүнсний ногоо тариалагч дээр манай улс тусгайлсан бодлого, дэмжлэг авч хэрэгжүүлэхгүйгээр энэ салбарыг дэмжих боломжгүй.

Хүнсний ногоон тухайд, хадгалах зоорь гол асуудал болдог. Тиймээс ирэх жил Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 8,000 тонн орчим хүнсний хадгалан зориулалтын агуулахыг бий болгохоор хэлцэл хийж буй. Тодорхой ойлголцолд хүрсэн бөгөөд хэлцэл дуусах шатандаа орж байгаа.

Мөн ирэх Беларусь улсын 6 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр ногоочдоо техник тоног төхөөрөмжөөр хангана. Түүнчлэн хүнсний ногоочдод зориулсан тусгай зээл гаргахаар Сангийн яамтай санал солилцож байна.

Хил гааль хаагдахаар манай улсад хүлэмжийн ногооны дутагдал үүсээд ирдэг. Үүнийг хангахын тулд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 га өвлийн хүлэмж хэрэгтэй. Одоогоор 10.1 га газарт хүлэмжийн ногооны бизнес эрхэлж байна.

Цаашид 10, 10 га-аар нь хүлэмжийг нэмэгдүүлж, импортод нь хориг тавих замаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлье гэсэн шийдэл гаргаж, 2-3 улстай хөнгөлөлттэй зээлийн талаар ярилцаж байна.

Хэрэв дэмжлэг үзүүлбэл манай улс дотооддоо сахарын манжин тарих ч боломж бий гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл, манайх дотооддоо элсэн чихэр үйлдвэрлэх, энэ чиглэлийн тариалалт бий болгох эрх зүйн тааламжтай нөхцөл хэрхэн бий болгох чиглэлд мэргэжилтнүүд тооцоо судалгааг хийж байгаа" гэсэн юм.