Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Уртнасан: Нийт газар нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайд тэрбум мод тарьж ургуулах боломжтой

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Н.Уртнасан: Нийт газар нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайд тэрбум мод тарьж ургуулах боломжтой
Sara, ikon.mn - text to speech

Ойн салбарын үндэсний чуулганы нэгдсэн хаалтын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. 

2020 оны судалгаагаар манай улсын нийт газрын 76.9 хувь буюу 120 сая га талбай цөлжилт газрын доройтолд өртөөд байгаа аж. Цөлжилт газрын доройтлын 51 хувийг уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлээс үүсэж байгааг судлаачид тогтоожээ. 

Хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 онд 30 хувьд хүргэх, 2050 онд 35 хувьд ойжуулах нөхөн сэргээх хамгаалах зорилгоор ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн есөн хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх нэн хүчтэй болон хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах зэрэг зорилт тавин ажиллаж байна.

 Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийг дараах хоёр арга замаар хэрэгжүүлнэ. Ойн шилмүүст навчит болон говийн бүсийн ургамал тарьж ойн санг 300 мянган га талбайгаар нэмэгдүүлэх, тариалангийн талбай авто болон төмөр зам зэрэг газар хамгаалалтын ойн зурвасыг байгуулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, жимc жимсгэний мод тарих замаар 293 мянган га талбайд агро ойн аж ахуйг хөгжүүлэх хэмээн төлөвлөлөө. Ингэснээр нийт газар нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайд тэрбум мод тарьж ургуулах боломжтой гэж тооцоолж байна.

Хэмнэлттэй ногоон технологи нэвтрүүлэх, санхүүгийн оновчтой механизмыг бий болгох, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг арга хэмжээнд холбогдох яам, салбар дундын зохицуулалтыг хангаж ажиллах шаардлагатай байна. БОАЖЯ-ны бүтцэд ойн бодлого зохицуулалтын болон ойн судалгаа хөгжүүлэлтийн газар, орон нутагт долоон ойн албад, 42 сумын болон сум дундын ойн ангид нийт 1,000 орчим мэргэжилтэн ажиллаж байна.

Улсын хэмжээнд ойн мэргэжлийн 1,078 байгууллага бий. Ойн агентлагийг байгуулах асуудлаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Цаашид ойн салбарт 7,000 гаруй мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг зөвхөн тухайн нөөцийг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар тусгасан. Гэвч тухайн нөөцийг хамгаалахад зарцуулах гэсэн заалтыг өөрчилж, байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд нөөц харгалзахгүй зарцуулах нэмэлт өөрчлөлтийг шинэ төслийг боловсруулаад байна. Энэхүү шинэ төслийг хэрэгжүүлснээр тэрбум мод тарихад орон нутгийн төсвөөс зарцуулах орлогын хэмжээ нэмэгдэж, хуулийн хэрэгжилт ил тод зөв зохистой байх боломж бүрдэнэ.

Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 2030 онд нийт газар нутгийн есөн хувьд хүрнэ. Түүнчлэн биологийн төрөл зүйлийн амьдрах орчин сайжирч, эко системийн тэнцвэрт байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ. Говь, хээрийн бүсийн хүчтэй цөлжилтөд автсан газар нутгийн дөрвөн хувийг нөхөн сэргээж, агро ойн аж ахуйг хөгжүүлснээр иргэд тогтвортой ажилтай болох, ядуурлын бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/422719512628047