Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, ДНБ-ий 1 хувийг ойн салбарт зарцуулна

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ойн салбарын үндэсний чуулган хоёр дахь өдрөө "Ойжуулалт, нөхөн сэргээлт" сэдвээр үргэлжилж байна. 

Салбар хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Дэлхий дахин мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд ажиллаж байна. Пакистан улс 10 тэрбум мод тарих зорилт тавиад одоогоор 3 тэрбумыг тарьчхаад байгаа. БНХАУ-ын цөлжилтийн эсрэг стратеги маш амжилттай өрнөж, Израиль, БНСУ-д ижил төстэй төслүүд хэрэгжсэн. Муу жишээнүүд ч бас бий. Тийм учраас бид үндэсний чадавхаа бэхжүүлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэхээ чуулганы үеэр ярилцана гэж найдаж байна. 

Ойжуулалтыг дагаад олон салбар, үйлдвэрлэл хөгжинө. Олон эерэг үр дүнг дагуулах учраас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж ДНБ-ий 1 хувийг ойн салбарт зарцуулъя гэж байгаа. Өнөөдөр ийм хуультай хоёр салбар байгаа нь эрүүл мэнд, боловсролын салбар юм" хэмээн хэллээ. 

Түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна. Хангай, Хөвсгөлийн бүсэд шинэс, Хэнтийн бүсэд хуш буюу тухайн бүс нутгийн экосистемд зохицсон модод нөхөн сэргэх чадвар өндөртэй байгаа юм. 

Ойжуулах шаардлагатай бусад 17 орчим хувь нь 300 мянга орчим га талбайг эзэлж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Хүний зохисгүй үйл ажиллагаа, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан 2016 он гэхэд манай орны газар нутагт ойн эзлэх талбай 1950 оныхоос бараг хоёр дахин буурсан. Гэсэн ч тодорхой зорилт тавин ажилласны үр дүнд 2016 оноос хойш ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. Тодруулбал, сүүлийн таван жилд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 0.2 хувиар нэмэгдэн нийт газар нутгийн 8 хувьд хүрээд буй. Салбарын яамны зүгээс дараагийн гурван жилд буюу 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь, цаашлаад 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтуудыг тавьжээ.