Монгол Улсын анхны хосолсон блокчэйний үйлчилгээ үзүүлэгч COREX ХХК, дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч арилжааны ууган банкуудын нэг Голомт банктай өндөр түвшинд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд блокчэйн технологи, сүлжээнд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, блокчэйн сүлжээ байрлах дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлүүдээр судалгаа шинжилгээг хамтран хийж, харилцан туршлага солилцохоор зорьж байна.
COREX компани нь хувийн болон олон нийтийн хосолсон блокчэйн сүлжээг хөгжүүлж байгаа Монголын анхны үндэсний блокчэйн сүлжээ бөгөөд блокчэйн технологид суурилсан бизнесийн шинэ боломж, инновац бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, олон нийтэд энэхүү технологийн боломж, давуу тал, хэрэглээг таниулах үндсэн зорилготой.
Блокчэйн технологи нь мэдээллийг хамгийн аюулгүй, найдвартай, ил тод хадгалдаг тархмал (decentralized) бүртгэлийн сан юм. Блокчэйн бүртгэлийн санд аливаа мэдээллийг засах, өөрчлөхөд бусад оролцогч нь хянах зохицуулалттай байдаг учраас өгөгдөл ямагт аюулгүй найдвартай байдаг онцлог давуу талтай. Энэхүү технологийг олон улсад зөвхөн банк, санхүүгийн салбараар хязгаарлагдахгүйгээр аж үйлдвэрлэлийн салбар болон төрийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дижитал шийдлийг үргэлж нэвтрүүлж, харилцагч нартаа шинэлэг үйлчилгээг үзүүлэгч манай улсын тэргүүлэгч банкуудын нэг бөгөөд цаашид блокчэйн технологийг нэвтрүүлснээр харилцагч банкны үйлчилгээг зардал, цаг хугацаа бага зарцуулж, илүү уян хатан, хүртээмжтэй байдлаар авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!