Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

ББСБ-уудын нийт харилцагч давхардсан тоогоор 4.5 сая болж, өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 531 ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өссөн болохыг мөн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж 1.8 их наяд төгрөгт хүрсэн аж.

Олгосон зээлийн 62.3 хувь нь хэрэглээний зээл байна. Өнөөдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байна. Тус салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ББСБ-уудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсөж, 1.6 сая болжээ.

Өөрөөр хэлбэл, нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.5 сая болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өсжээ.

Финтекийн харилцагчдын тоо 4.2 сая буюу нийт харилцагчдын 93.2 хувь байна.

Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой гэдгийг мэргэжлийнхэн хэлж буй. 

ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн бүтээгдэхүүний эх үүсвэр нэмэгдэж, нийлүүлэлт өсөн, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.6 хувь болсон байна.

Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.1 сая төгрөг бол финтекийн гар утас буюу аппликэйшнээр олгосон дундаж зээл 142.1 мянган төгрөг байна. Финтекийн зээлдэгчид 1.3 сая буюу нийт зээлдэгчдийн 81.2 хувийг бүрдүүлж байна.

ББСБ-уудын зээлийн багцад чанаргүй зээлийн эзлэх хувь тус улиралд 8.3 буюу 146.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр буурсан байна.