Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91 хувиар өсөж 4.9 их наяд төгрөгт хүрэв"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн салбарын гуравдугаар улирлын тоймыг Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр танилцууллаа. 

Хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрчээ. Үүнээс,

  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4%,
  • Даатгалын зах зээл 1.2%,
  • Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 6.7%,
  • Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ны салбар 0.8 хувьтай байгааг эхэнд онцоллоо. 

Санхүүгийн зохицуулах хороо чиг үүргийнхээ хүрээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 3,489 зохицуулалттай этгээд, 2,388 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт тавин ажилласан аж. 

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91 хувиар өсөв 

Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91 хувиар өсөж 4,969.1 тэрбум төгрөгт хүрсэн. Харин хувьцааны хөрвөх чадвар 2.4 нэгжээр өсөж 3.7 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 25,405.62 нэгжээр өсөж 42,937.26 нэгжид хүрсэн байна.

Тус улиралд нийт 1.1 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагджээ. Нийт арилжааны

  • 78.7 хувийг компанийн бонд,
  • 16.2 хувийг хувьцаа,
  • 4.7 хувийг хөрөнгө оруулалтын сан,
  • 0.4  хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлж байна.

Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар өсөж, таван төрлийн 672.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагджээ.

Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өсөж 444.6 тэрбум төгрөгт, нөөц сан 12.4 хувиар өсөж 202.8 тэрбум төгрөг болжээ.

Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өсөж 188.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсөж 75 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөж 44.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 23.8 хувийг эзэлжээ. 

 
СЗХ

Хадгаламж, зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өсөж 289.4 тэрбум төгрөг болжээ. Үүнээс хадгаламжийн хэмжээ 203.8 тэрбум төгрөг буюу 70.4 хувийг эзэлж байгаа аж. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өсөж 208.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж буй.

ҮХЭХЗ-ын байгууллага гуравдугаар улиралд 164.4 мянган м.кв талбай бүхий 13.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ

Түүнчлэн манай улсын үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй 277 компани, тэдгээрийн 248 брокер, 1,274 агент үйл ажиллагаа эрхэлж байна.

ҮХЭХЗ-ын байгууллага нийт 1,420 хэлцлээр, 164.4 мянган м.кв талбай бүхий 13.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ.