Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй байдлаараа ямар түвшинд явж байгааг судалж, индекс тогтоох бэлтгэлийг хангаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд - ll” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.

Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж чанар, үр дүнг сайжруулах үүднээс “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь шинжлэх ухаан, судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах бөгөөд АНУ, ОХУ, Солонгос, Япон улсын болон манай улсын судлаачдын 78 эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл ирснээс үндсэн болон салбар хуралдаанд нийт 38 илтгэлийг хэлэлцүүлж байна.

Үндсэн хуралдаанд

  • “Төрөөс хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүхэн хөгжил” сэдвээр Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа,
  • “Хүүхдийн хөгжил ба тархи” сэдвээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Дарамбазар,
  • “Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжилтийн байдал, тулгарч буй бэрхшээл ба боломжууд” сэдвээр Кэмбрижийн олон улсын боловсролын үнэлгээний төвийн Зүүн Азийн орнуудыг хариуцсан Ахлах менежер Чанг Ин,
  • “Хүүхдийн бие бялдрын хөгжлийн судалгааны чиг хандлага” сэдвээр Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн дэд захирал, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Гүндэгмаа,
  • “Хүүхдийн сэтгэхүйд телевизийн контентын үзүүлэх нөлөөг судалсан судалгаа” сэдвээр Монгол Улсын Их Сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, докторант Б.Золзаяа,
  • Танхимын сургалтаас цахим сургалтын хэлбэрт шилжихэд гарсан өөрчлөлт, дэвшил” сэдвээр Чонбук үндэсний их сургуулийн Насан туршийн боловсролын төвийн профессор, Сэүм гэр бүлийн судалгааны хүрээлэнгийн дарга Гүон Сон И нар тус тус илтгэл танилцуулах юм.

Мөн эрдэм шинжилгээний хуралд “Төрийн бодлого, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлууд”, “Хүүхдийн боловсрол, цахим хөтөлбөрийн асуудлууд”, “Хүүхдийн эрүүл мэнд, шим тэжээл, тархи судлалын асуудлууд”, “Хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудлууд”, “Хүүхдийн бие бялдар, биеийн тамирын асуудлууд”, “Хүүхдийн сайн сайхан байдал, улс орнуудын сайн туршлага” гэсэн зургаан чиглэлийн асуудлаар судалгааны өгүүлэл, илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд уламжлал ёсоор хурлын эмхтгэл хэвлэгдэн гарах аж.

Түүнчлэн хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгохоор ажиллаж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. 

"Хүүхэд хөгжил, хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх судалгаа, шинжилгээний ажлын идэвхийг нэмэгдүүлнэ"

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэм шинжилгээний хурлын үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Төрөөс хүүхдийн хөгжил хамгааллын талаар  баримтлах бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих зорилтыг дэвшүүлсэн.

Тодруулбал, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн хөгжлийг дэмжин, болзошгүй эрсдэл, осол гэмтэл, цахим орчны сөрөг нөлөө, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй байдлаараа ямар түвшинд явж байгаад судалгаа, шинжилгээ хийн, индексийг тогтоох бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид ч хүүхэд хөгжил, хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх оновчтой судалгаа, шинжилгээний ажлын идэвхийг нэмэгдүүлэх болно. Түүнчлэн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн уялдаа холбоог сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана” хэмээн үг хэлэв.

Мөн  тэрбээр “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд - II” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан, хүүхдийг хөгжүүлэх үйлсдээ шинжлэх ухаанч, судлаач сэтгэлгээгээр хандаж байгааг сайшааж, хуралд оролцож буй нийт зочид, судлаачдад талархал илэрхийлж байлаа.

Б.Цэнгэлмаа: Хурал танхим болон цахим хэлбэрээр хослуулснаар оролцогчдын цар хүрээг тэлсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Юуны өмнө ирээдүй хойчийнхоо төлөө хичээн зүтгэж буй их үйлсэд удирдлага арга зүйгээр өдөр тутамдаа хамтран ажиллаж, биднийг үргэлж дэмжиж байдаг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НЗДТГ, НИТХ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал танхим болон цахим хэлбэрээр хосолж байгаагаараа онцлогтой. Ингэснээр оролцогчдын цар хүрээг тэлж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид оролцох боломж нээгдлээ. “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд - II” олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлэн, хэлэлцэж буй эрдэмтэн судлаачид та бүхэндээ талархал илэрхийлэхийн сацуу, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.