Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Xpeng компани 2024 оноос эхлэн нисдэг автомашин бөөнөөр үйлдвэрлэнэ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашины Xpeng стартап компани өнгөрсөн амралтын өдөр нисдэг автомашины загвараа танилцуулжээ.

Xpeng X2 нэртэй уг бүтээгдэхүүнээ тус компани 2024 оноос эхлэн бөөнөөр үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

X2-ыг зам дээр ердийн автомашин шиг жолоодож болохоос гадна нам өндөрт хөөргөх боломжтой байх ажээ.

Сэнс нь зам дээр зорчих үед эвхэгдэж, нисэх үед дэлгэгддэг юм байна. Хоёр хүний суудалтай X2 нисдэг автомашин дээд тал нь 35 минутын турш тасралтгүй нисэх чадвартай ажээ.

Нисдэг автомашины зах зээлд борлуулах үнэ нэг сая юаниас хэтрэхгүй ($157,000) байхыг Xpeng компанийн гүйцэтгэх захирал Хэ Шяопинь мэдэгдсэн байна.

Xpeng компани нь АНУ-ын Теслагийн Хятад дахь хамгийн ойрын өрсөлдөгч гэгддэг.

Энэ оны эхээр тус компани анхны цахилгаан хөдөлгүүрт седан загвараа Теслагийн бүтээгдэхүүний үнийн гуравны хоёртой тэнцэх үнээр зах зээлд гаргаж байв.

2021 оны эхний хагаст Xpeng 30,000 гаруй автомашин борлуулсан нь жилийн өмнөх мөн үетэй харьцуулбал 459 хувийн өсөлт болсон байна.

 

Эх сурвалж: Tech Insider