Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил зүүн хойд Азид илүү хүйтэн өвөл болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Номхон далайд үүссэн цаг уурын үзэгдэл энэ жил Зүүн Хойд Азид илүү хүйтэн өвөл болох төлөвийг харуулж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ.

Экваторын бүсэд эсрэг чиглэлтэй салхинуудын урсгал мөргөлдөх үеэр далайн ёроолын хүйтэн усыг гадарга дээр түрж гаргадаг энэ үзэгдлийг Ла Нина гэдэг байна.

Ийм үзэгдэл ажиглагдсан жил дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ердийнхөөс илүү хүйтэн өвөл болдог байна.

Энэ жилийн хувьд нүүрс, эрчим хүчний хомсдолтой байгаа зүүн хойд Азийн орнуудад хүйтэн өвөл хүнд сорилт болох шинжтэй байгаа юм. Ирэх сард Япон улс даяар жилийн дунджаас хүйтэн байхыг тус улсын цаг уурын хүрээлэн саяхан мэдээлжээ.

Япон улсын худалдааны яам эрчим хүчний компаниудтай өвлийн бэлтгэлийн талаар уулзахдаа байгалийн хий, түлш шатахуун нөөцлөх чиглэл өгсөн байна. Үүний үр дүнд тус улсын эрчим хүчний гол компаниудын шингэрүүлсэн хийн нөөц сүүлийн дөрвөн жилийн дунджаас 24 хувиар нэмэгджээ.

Өмнөд Солонгост энэ жилийн аравдугаар сар ер бусын хүйтэн болж байгаа. Энэ жилийн анхны цас өмнөх оныхоос 15 өдрийн өмнө орсон байна.

Өмнөд Солонгосын засгийн газар бас шатахуун, түлшний нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. Баасан гарагт тус улсын сангийн дэд сайд Ли Ёог Вон шатахуун, шингэрүүлсэн хийн импортын татварыг түр хугацаанд бууруулж байгаагаа мэдэгдсэн юм.

Ла Нинагаас гадна дэлхийн бөмбөрцгийн умард туйлд ажиглагдаж буй цаг уурын үзэгдэл энэ жилийн өвлийг илүү хүйтэн болгох төлөвтэйг Atmospheric G2 хүрээлэнгийн цаг уурын албаны захирал Тодд Кроуфорд тайлбарлаж байна.

“Цаг уурын бүх хүчин зүйлүүдийг тооцож үзвэл зүүн хойд Азид хамгийн их хүйтрэх хугацаа арваннэгдүгээр сарын сүүлээс нэгдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Бидний хамгийн их эрсдэлтэй гэж үзэж байгаа хугацааны завсар энэ юм” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: Bloomberg