Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

П.Мөнхнаст: Хүмүүс ипотекийн зээл гэхээр л төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй орон сууцны зээл юм байна гэж буруу ойлгоод байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“11 жилийн өмнө ХХБ-тай орон сууцны зээлийн гэрээ хийж, 100 сая төгрөгийн зээлтэй 94 метр квадрат байранд орж байсан. Зээлээ хаагаад, зарах гэтэл 2017 онд миний нэрээр миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалж (мэдээж надад хэлэлгүйгээр) МИК-аас 6% хүүтэй ипотекийн зээл авчихсан. Иргэнд хэлэлгүйгээр иргэнд олдох боломжгүй орон сууцны зээлийг (төрөөс ипотекийн зээл 80м2 хүртэлх гээд хатуу заачихсан, харин минийх 94м2) хувийн банк санхүүжилт босгох зорилгоор төрөөс хусчихсан” гэх мэдээллийг Сэржхорол Гантогтох хаягтай иргэн цахим сүлжээнд өчигдөр нийтэлсэн билээ.  

Иймд уг асуудалтай холбоотойгоор буюу банк орон сууцны зээлийг зарсан эсэх талаар холбогдох газруудаас тодрууллаа.

Энэ талаар Худалдаа хөгжлийн банкны иргэдийн банкны газрын захирал П.Мөнхнаст "Бид Монголын ипотекийн корпорац руу холбогдох хууль дүрэм журмын дагуу шаардах эрхийг шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ тухайн иргэний хэлж байгаа шиг банк өөрөөс нь 16%-ийн хүүгээр аваад, төрөөс хэрэгжүүлдэг 6%-ийн хөнгөлөлттэй зээлд хамруулж, нөгөө талаас эх үүсвэр аван  банк дундаасаа урт хугацаандаа 10%-ийн хүүгийн цэвэр ашиг олсон гэж байгаа нь буруу. Энэ нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл.   

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, хоёрдогч зах зээл рүү гаргах, мөн банк өөрт олгогдсон эрх, тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд олгосон зээлийнхээ шаардах эрхийг гуравдагч байгууллагад шилжүүлэх болон худалдах хууль эрх зүйн зохицуулалттай. Иймд банк ямар нэгэн хууль зөрчөөгүй ба бүх зүйл хууль дүрмийнхээ дагуу явагдаж байгаа.

Үүсээд байгаа гол төөрөгдлийг нь тайлбарлая. Хүмүүс ипотекийн зээл гэхээр л төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй орон сууцны зээл юм байна гэж буруу ойлгоод байна. Тухайн хүний дурдсанчлан орон сууц 94 метр квадрат учраас банк төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөөгүй гэсэн нь үнэн.

Монголбанкнаас баталсан ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд орон сууцны хувьд 80 метр квадратаас бага байх ёстой гэж заасан. Төрийн эх үүсвэртэй ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 онд эхлэхэд банк олгогдсон зээлүүдээсээ 80 метр квадратаас бага гэх шаардлага хангасныг нь хөнгөлөлттэй нөхцөл рүү шилжүүлсэн. Харин энэ хүний зээл 80 метр квадратаас бага гэх шаардлагыг хангаагүй учраас төрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй гэсэн үг.

2013 онд ипотекийн хөнгөлөлттэй зээл гарахаас өмнө банкууд өөрийн эх үүсвэрээр орон сууцны зээл буюу ипотекийн зээлийг олгож явдаг байсан. Одоо ч 80 метр квадратаас дээш орон сууцнуудад олгоод явж байгаа.

Ийнхүү олгосон зээлүүдээ бид хууль, дүрэм журмын хүрээнд багцлах байдлаар шаардах эрхээ шилжүүлэх замаар дахин эх үүсвэр босгоод өөр айлыг орон сууцтай болоход зарцуулах байдлаар ажиллагаа хийгддэг. Үүнийг энгийнээр тайлбарлая.

Арилжааны банкуудын үндсэн чиг үүргүүдийн нэг нь зээл олголт билээ. Зээл олгохын тулд арилжааны банкуудад эх үүсвэр шаардлагатай. Үүнийг төрөл бүрийн замаар шийддэг бөгөөд нэг арга зам нь МИК шиг мэргэжлийн санхүүгийн байгууллагад ипотекийн зээлүүдийг хэд хэдээр нь багц болгон банкууд худалддаг. Ингэснээр банкууд дараа дараагийн  айлуудыг орон сууцтай болгоход нь зориулж зээл олгох санхүүгийн эх үүсвэртэй болдог гэсэн үг. Олон улсад ч ийм зарчмаар банк санхүүгийн байгууллагууд хоорондоо ажилладаг ба манай хууль журамд ч үүнийг зөвшөөрсөн байдаг. Энэ нь  харилцагчид ямар ч сул тал үүсгэхгүй бөгөөд зээлээ зохих ёсоор нь төлөөд дуусахад орон сууцны гэрчилгээ нь эзэмшигчид шилжих бүрэн боломжтой.

Тус иргэний зээл нь энэ хүрээнд багцад хамаарсан зээл юм. Иргэд маань төрөөс  эх үүсвэртэй ипотекийн зээл, банкны эх үүсвэртэй ипотекийн зээл хоёрыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

Монголын ипотекийн корпорац гэж яригдахаар бүгд төрийн хөнгөлөлттэй буюу 8%, 6%-ийн зээл хэмээн ойлгож болохгүй. МИК өөрийнхөө эх үүсвэрээр мөн Орон сууцны зээл худалдан авдаг.

 
Хувийн архиваас авав

Үүнчлэн Монголбанкнаас төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн зарцуулалтыг тогтмол хянаж, шалгадаг. Үүний хүрээнд банк тайлагнаж явдаг тул хууль бус байдлаар зарцуулалт хийж, ашиг олох боломж байхгүй. Дээрээс нь бид олон улсын өндөр зэрэглэл бүхий аудитын компаниар жил болгон санхүүгийн тайландаа аудит хийлгэж, бүх зүйлээ баталгаажуулдаг.

- Тухайн иргэнд дахин тайлбарлаж хэлсэн зүйл байгаа юу?

- Барьцааны гэрээн дээр энэ тухай зохицуулалтууд хийгдсэн байдаг. Тохиолдол болгон дээр зээлдэгч тус бүрээс зөвшөөрөл авахгүйгээр, мэдэгдэлгүйгээр санхүүгийн механизм ажиллах чөлөөт эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлсэн байдлаар хууль нь зохицуулагдчихсан. Тиймээс банк иргэний эрх ашгийг зөрчөөд эрсдэлд оруулж байгаа зүйл байхгүй. Хэдийд ч анх авсан зээлээ хүүтэй нь төлөөд барагдуулчихвал тухайн орон сууцыг нь чөлөөлөөд өгөх гэрээний актын нөхцөл бүгд хадгалагдаад байж байгаа. Тухайн хүн өмнө нь манай салбар дээр ирээд хэлтсийн захиралтай уулзахад мэдээллийг өгсөн байдаг. гэвч иргэн өрөөсгөл буруу ойлголттой мэдээлэл цацаж хүмүүсийг төөрөгдүүлж буй явдалд харамсаж байна. Гэхдээ дахин уулзаад тайлбарлах боломжтой” хэмээн хариулав. 

Энэ талаар Монголбанкнаас тодруулахаар холбогдоход одоогийн байдлаар уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг илэрхийлсэн юм.