Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк худал хуурмаг мэдээний гол эх үүсвэр болохыг Энэтхэгт хийсэн туршилт харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2019 оны хоёрдугаар сард Фэйсбүүк компани өөрийн хамгийн ирээдүйтэй, том гадаад зах зээл гэж үздэг Энэтхэгт нэгэн туршилт явуулж байжээ.

Ингэхдээ Энэтхэгийн баруун хязгаарын Жайпур хотод амьдардаг 21 настай эмэгтэйн нэрээр эккаунт үүсгэж, зөвхөн Фэйсбүүкээс санал болгосон группүүдэд нэгдэж, санал болгосон мэдээлэл болгоныг нь уншиж туршсан байна.

Гэтэл эккаунт нээгдсэнээс хойш гурван долоо хоногийн дотор асар их худал хуурмаг мэдээлэл, хүчирхийллийг харуулсан аймшигт зураг, дүрсээр бөмбөгдүүлсэн тухай туршилтад оролцсон Фэйсбүүкийн ажилтан тайлагнаж байжээ.

Тухайлбал хүний толгойг тасдаж байгааг харуулсан бичлэг, Энэтхэгийн нисэх онгоцнууд Пакистаныг бөмбөгдөж байгааг харуулсан эвлүүлэг, Пакистанд террорист халдлагын улмаас 300 хүн алагдсан тухай худал мэдээ зэрэг гар утсанд нь ирсэн байна.

“Би сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд бүх амьдралдаа үзсэнээс олон үхсэн хүний зураг үзлээ” гэж туршилтад оролцсон ажилтан тайландаа бичжээ.

Энэхүү 46 хуудас тайланг Фэйсбүүк компанид ажиллаж байгаад “шүгэл үлээгч” буюу нууц задруулагч болсон Фрэнсис Хоген нийтэд ил болгожээ.

Хогены задруулсан мэдээллүүд Фэйсбүүк компанийн АНУ дахь үйл ажиллагааг ихэнхдээ харуулсан байдаг.

Үүнээс гадна Фэйсбүүк компани сөрөг мэдээ мэдээллийг устгах, хянах арга хэмжээг зөвхөн Англи хэл дээрх агуулгуудад явуулдаг билээ. Тэгвэл дэлхийн бусад улс орнуудын зах зээлд Фэйсбүүк ямар аюултай үүрэг гүйцэтгэдэг нь Энэтхэгт явуулсан туршилтаас харагдаж байна.

Тус компанийн хэрэглэгчийн гол өсөлт одоо Энэтхэг, Индонез, Бразил зэрэг улсуудаас бүрддэг. Энэтхэгт байдал бүр хүнд байна. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улсад албан ёсны 22 хэл байдаг. Энэ бүх хэлнүүд дээрх агуулгыг хянах, цагдах боломжгүй байгаа.

Фэйсбүүкийн эзэмшдэг WhatsApp платформд 2017 оны зун хүүхэд хулгайлагчийн тухай зохиомол мэдээ хүчтэй тарсны улмаас бухимдсан иргэд олон арван сэжигтнийг хуулиас гадуур алж, шийтгэж байв.

 

Эх сурвалж: Bloomberg