Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Виз хүсэгч Оросын иргэдийг АНУ “эх оронгүй” ангилалд оруулсныг Москвагийн эрх баригчид эсэргүүцэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын виз авах хүсэлт гаргасан Оросын иргэдийг Вашингтоны засаг захиргаа “эх оронгүй үндэстэн” ангилалд оруулах болсныг Москвагийн эрх баригчид Ням гарагт эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ.

Ийм ангилалд орсноор ОХУ-ын иргэд эх орондоо биш, Польшийн нийслэл Варшав дахь АНУ-ын элчин сайдын яаманд визний хүсэлт гаргах боломжтой болж байна.

ОХУ-ын тал Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилтны тоог хязгаарлах болсноор энэ оны тавдугаар сараас эхлэн виз олгохоо зогсоосон юм.

АНУ-ын консулын газар байдаггүй, эсвэл улс төр, аюулгүй байдлын шалтгаанаар консул нь виз олгох боломжгүй болсон улс орны иргэдийг “homeless” буюу “эх оронгүй” ангилалд оруулдаг байна. Ингэснээр тэдэнд өөр гурав дахь улс дахь АНУ-ын консулын газарт виз хүсэх боломж нээгддэг.

Уг жагсаалтад одоогоор Куба, Эритрей, Иран, Ливи, Сомали, Өмнөд Судан, Сири, Венесуэл, Йемен улсууд багтдаг ба ОХУ арав дахь улс болж нэмэгджээ.

“Америкийн дипломатчид олон жилийн турш Орос дахь консулын үйлчилгээнийхээ системийг хязгаарлах, устгах арга хэмхээ авсаар ирсэн. Тэд 21 дүгээр зууны ердийн техникийн процедурыг бодит там болгон хувиргалаа” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр сошиал хуудсандаа мэдэгдсэн байна.

Хүйтэн дайны үеэс хойш харилцаа нь хамгийн муу түвшиндээ хүрсэн АНУ, ОХУ хоёр харилцан нэг нэгнийхээ элчин сайдын яаманд хэдэн дипломатч суулгах, дотоодын хэдэн ажилтантай байлгах талаар тохиролцож чадалгүй маргалдсаар байгаа юм.

Өмнө нь ОХУ-ын тал АНУ-ыг “найрсаг бус харилцаатай” орнуудын жагсаалтад оруулснаас Москва дахь элчин сайдын яам нь дотоодоос ажилтан авч ажиллуулах эрхгүй болоод байгаа.

 

Эх сурвалж: Reuters