Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс гадаадын 10 орны элчин сайд нарыг нутаг дэвсгэрээсээ хөөх гэж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Иргэний хөдөлгөөний тэмцэгчийг суллахыг шаардсан 10 улсын элчин сайд нарыг нутаг дэвсгэрээсээ хөөх даалгаврыг Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр гадаадын хэргийн сайддаа өгсөн байна.

Өнгөрсөн Даваа гарагт эдгээр 10 улсын элчин сайд нар иргэний хөдөлгөөний тэмцэгч Осман Кавалаг суллахыг шаардан хамтарсан мэдэгдэл гаргаж байжээ.

“Эдгээр 10 элчин сайдыг аль болох хурдан “persona non grata” статустай болгохыг би гадаад хэргийн сайддаа үүрэг болголоо” гэж Эрдоган өчигдөр мэдэгдсэн байна.

Элчин сайд нь Туркээс хөөгдөхөөр болсон 10 улсад АНУ, Герман, Канад, Дани, Финланд, Франц, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Швед багтжээ.

Одоо 64 настай Кавала нь 2017 оноос хойш Туркийн шоронд хоригдож байгаа юм. Түүнийг 2013 онд засгийн газрын эсрэг тэмцэл зохион байгуулсан, 2016 оны цэргийн эргэлтэд оролцсон гэж буруутгаж байгаа.

Эрдоганы мэдэгдлийн дараа Америк долларын эсрэг Туркийн лирийн ханш унасан нь өрнөдтэй харилцаа муудах магадлалтай болсонтой холбоотой байв.

Энэ оны эхнээс лирийн ам.долларын эсрэг ханш 20 хувиар унаад байгаа. Жилийн инфляц 20 орчим хувьд хүрсэн нь Туркийн засгийн газрын тавьсан зорилтоос дөрөв дахин өндөр байна.

Европын хүний эрхийн дээд байгууллага болох Европын Консул 2019 оны Европын Хүний Эрхийн Шүүхээс гаргасан дүгнэлтийн дагуу Кавалаг суллах сүүлчийн анхааруулгаа Туркийн талд өгөөд байгаа.

Хэрвээ биелүүлэхгүй бол арван нэгдүгээр сарын 30-наас арван хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд Страсбург хотод болох Европын Консулын ээлжит хурлаар Туркийн засгийн газрын эсрэг шийтгэлийн арга хэмжээ авах юм.

Ингэвэл Турк улсын санал өгөх эрхийг түдгэлзүүлэх, цаашилбал гишүүнчлэлээс түдгэлзүүлж магадгүй байна.

 

Эх сурвалж: AFP