Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс хөрш улсуудаасаа авах эрчим хүчний импортыг нэмэгдүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Урьд өмнө тохиолдож байгаагүй эрчим хүчний гүн хямралд ороод байгаа Хятад улс өнгөрсөн сард хөрш улсуудаасаа импортоор авах цахилгааны хэмжээг нэмэгдүүлснийг тус улсын гаалийн албаны тоо баримт харуулжээ.

Тухайлбал Умард Солонгос, ОХУ, Мьянмар улсуудаас авах цахилгааны импортоо есдүгээр сард нэмэгдүүлсэн байна.

Умард Солонгос өнгөрсөн сард 35,974 мегаватт/цаг цахилгаан эрчим хүч Хятадад нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 62 хувиар нэмэгджээ. 2021 оны эхний гурван улиралд тус улс 291 гигаватт/цаг цахилгаан нийлүүлсэн нь жилийн өмнөх мөн үеэс 37 хувиар өссөн байна.

Умард Солонгосоос эрчим хүч худалдаж авахад Хятад улс эхний гурван улиралд $11.9 сая, зөвхөн есдүгээр сард $1.5 саяыг зарцуулжээ.

ОХУ энэ оны эхний гурван улиралд $112.6 саяын үнэ өртөг бүхий 2,381 ГВ/цаг цахилгааныг Хятадад нийлүүлсэн нь жилийн өмнөх мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.

Энэ сарын эхээр Оросын төрийн өмчит эрчим хүчний компани Интер РАО мэдээлэхдээ 2021 оны сүүлийн улиралд Хятадын талд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээгээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдүүлэх болсноо зарласан юм.

Ингэхдээ Орос-Хятадыг холбодог бүх гурван шугамаар цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ мэдэгджээ. Эдгээр шугамууд нь жилд 7 тэрбум киловатт/цаг эрчим хүч дамжуулах багтаамжтай юм байна.

Умард Солонгос, Оросоос авсан эрчим хүч энэ удаагийн хямралын гол төв болоод байгаа Зүүн Хойд Хятадын бүс нутагт зарцуулагджээ.

Хөрш Мьянмар улсаас авах эрчим хүчийг харин Баруун Өмнөд Хятадын Юннань мужид нийлүүлсэн байна. Өнгөрсөн гурван улиралд Мьянмараас авах эрчим хүчийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хувиар нэмэгдүүлж, 1,231 ГВ/цагт хүргэжээ. Үүний өртөг зардал нь $34 сая болсон байна.

Хэдийгээр Хятад улс цахилгаан эрчим хүчний импортоо нэмэгдүүлсэн ч энэ бол хэрэгцээнийх нь өчүүхэн хэсэг юм.

Есдүгээр сард тус улс дотооддоо 675,100 ГВ/цаг эрчим хүч үйлдвэрлэсэн бол импортын хэмжээ нь 670 ГВ/цаг байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post