Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Байден эх газрын халдлагаас Тайванийг хамгаалахаа мэдэгдсэний дараа Цагаан ордон үгийг нь залруулав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой CNN сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үгийн алдаа гаргаж, тус улсын олон жил баримталж ирсэн гадаад бодлогын эсрэг зүйл ярьжээ.

Тухайлбал CNN сувгийн сэтгүүлч Андерсон Купер түүнээс хэрвээ Хятад улс Тайвань аралд халдвал АНУ хамгаалах эсэхийг асуухад Байден “Тийм. Бид ингэх үүрэгтэй” гэж хариулсан юм.

Харин Баасан гарагт Цагаан ордныхон ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг залруулсан мэдэгдэл хийжээ.

Сэтгүүлчид АНУ-ын Тайванийн талаар баримталдаг гадаад бодлого өөрчлөгдөж буй эсэхийг асуухад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки “Манай бодлого өөрчлөгдөөгүй” гэж хариулсан байна.

АНУ нь Тайвань аралтай албан ёсны дипломат харилцаагүй. Гэхдээ Тайваньтай Харилцах Акт нэртэй хуулийн хүрээнд өөрийгөө батлан хамгаалахад нь тусламж дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг юм. Үүнд зэвсэг нийлүүлэх нөхцөл бас багтдаг.

Харин Хятад улсын хувьд Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр нэгтгэнэ гэсэн байр суурьтай байдаг юм.

Эх газрын зүгээс Тайваньд хүчээр халдвал хамгаалах тухай заалт АНУ-ын Тайваньтай Харилцах Акт хуульд байхгүй.

“Ерөнхийлөгч манай бодлогод ямар нэг өөрчлөлт орсныг зарлаагүй, өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй” гэж Псаки нэмж тодруулсан байна.

Түүний мэдэгдлээс өмнө АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ Хятад улс олон улсын дэг журамд эрсдэлтэй үйлдэл хийж байгааг анхааруулсан ч “Нэг Хятад” бодлогыг АНУ-ын засаг захиргаа баримталсан хэвээр байгааг батлан илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press