Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Жавхлангаас мэдүүлэг авахаар 11 удаа залгахад утсаа аваагүй, гурван удаагийн дуудах хуудас хүлээж авсангүй. Хууль хүн бүрд тэгш үйлчилнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төв талбайд суулт зарлаад байгаа дуучин С.Жавхлан Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг өгөх тухай дуудах хуудсыг удаа дараа хүлээж аваагүйг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Аравдугаар сарын 19-нд иргэн Ж.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, н.Баярмагнай нар Сангийн сайдаас "Хамаг Монгол" төсөл хэрэгжүүлэхээр дөрвөн тэрбум төгрөг шантаажилсан гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл олон нийтэд хүргэсэн.

Үүний дагуу аравдугаар сарын 20-нд иргэн Ж.Отгонтөгс цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасныг хүлээж авсан.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн албанаас уг мэдээллийн дагуу шалгалт хийж байгаа бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яаманд ажилладаг гурван гэрчээс гэрчийн мэдүүлэг аваад байгаа.

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу С.Жавхлан руу цагдаагийн албаны утсаар 11 удаа залгасан ч утсаа аваагүй. Мөн энэ сарын 20-ны өдөр Мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн ч ирээгүй. 21-ний өдөр дахин өгөхөд хүлээж аваагүй.

Харин өнөөдөр Прокурорын дуудах хуудсыг хуулийн дагуу хүргүүллээ. Гэсэн ч мөн хүлээж авсангүй. С.Жавхлан нь хүлээж авахгүй байх шалтгаанаа янз бүрээр тайлбарлаж байгаа ч иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой.Цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүсийн яриад байгаа гэмт хэргийн шинжтэй асуудал бодитой эсэхэд өөрөө ирээд тайлбар, мэдүүлэг өгөхийг л хуулийн дагуу шаардаж буй. Өөрөөс нь мэдүүлэг авах гэхээр ингээд ирэхгүй байгаа тул дараагийн авах арга хэмжээ бол шүүхийн захирамжийн дагуу албадан ирүүлэх л байдаг.  Бид энэ тухай хяналт тавьж байгаа Прокурорт танилцуулна. Гэхдээ УИХ-ын гишүүн асан С.Жавхлан нь өөрөө хууль тогтоохоор ажиллаж байсан хүний хувьд Цагдаагийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандаж, ирж тайлбар өгөх байх гэж бодож байна.

Хэрэг шалгах нь тодорхой хугацаатай. Өөрийнх нь яриад байгаачлан хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой тул болсон асуудал үнэн эсэхэд өөрөө тайлбараа өгөх хэрэгтэй.

Цагдаагийн байгууллага хууль тогтоомжийнхоо дагуу л ажиллах болно” гэв.

Мөн тэрбээр “С.Жавхлан нь ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед халдсан асуудлаар тухайн сэтгүүлч СБД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан.

Гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч, Зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэсэн юм.