Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Төмөр-Очир: Орон нутгаас ирээд үзүүлж буй хүнээ 10-20 хүн дагах нь эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийт иргэдийг коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунд идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир уриаллаа. Тэрбээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан Эмнэлзүйн зөвлөх багийн гишүүн юм.

Тус эмнэлэг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байна. Энэ хугацаанд 1,800 орчим хүнийг хэвтүүлэн эмчилжээ. 

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир "Нийт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 18-20 хувь нь нэн хүнд өвчтөн байна.

Нөхцөл байдал хүнд хэвээр, нас баралт төдийлөн буурахгүй байна. Үүний нэг шалтгаан нь архаг суурь өвчтэй хүмүүсийн дархлаажуулалтад хамрагдах нь хангалтгүй, мөн иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахгүй байгаатай холбоотой юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байна. Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдсэнээр энэ багийн үйл ажиллагаа улам эрчимжсэн. Тус баг нь олон улсын судалгаа, эмчилгээний арга аргачлал, туршлага ДЭМБ-ын зөвлөмж зэрэгт суурилан үндэсний хэмжээнд мөрдөгдөх эмчилгээ, оношилгооны зааврыг боловсруулах, шинэчлэх ажлыг хийдэг" гэлээ.

"Халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримталж, гурав дахь тунд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна"

Мөн Эмнэл зүйн зөвлөх багийн гишүүн Ц.Төмөр-Очир "Иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй байгаа нь ажиглагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагад нэг хүн оношилгоо шинжилгээнд хамрагдахад 4-5 хүн дагах, орон нутгаас ирээд үзүүлж буй хүнээ 10-20 хүн дагах асуудал өдөр тутамд эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа.  

Эмнэлэг бол эрүүл мэндийн байгууллага, хамгийн эрсдэл өндөртэй орчин. Иймд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ аль болох цөөхүүлээ, нэн шаардлагатай хүнээ 1-2 хүн дагаж явах, хэвтэн эмчлүүлж буй хүмүүстээ онцгой анхаарч гурав дахь тунд хамруулах, ялангуяа архаг суурь өвчтэй, 65-аас дээш насны, эрсдэл өндөртэй хүмүүс гурав дахь тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай.

Эмчилгээ үйлчилгээ үзүүлэх явцад вакцины I, II тунд хамрагдаагүй болон III тунг хийлгээгүй хүмүүс хүндрэх эрсдэл өндөр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримталж, гурав дахь тунд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/8NWx1aE8SX/