Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монгол, герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжин хөгжих болтугай

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн III шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус сургалтыг 2019 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх зорилготой юм.

Энэ жилийн сургалт 2021 оны 10 дугаар сарын 4-28-ны өдрүүдэд “Байлдааны буудлага”, “Уулын бэлтгэл сургалт”, “Уулын сургагч багш бэлтгэх” гэсэн гурван төрлөөр явагдаж, хоёр улсын 100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 265 цэргийн алба хаагч Герман Улсын буцалтгүй тусламжаар суралцан, төгсжээ

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх "Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 50 шахам жил өнгөрч хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурийг эзэлдэг.

Одоогоос 28 жилийн өмнө Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд цэргийн дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, хамтарсан сургалт дадлагуудыг зохион байгуулах, Энхийг дэмжих болон Олон улсын цэргийн ажиллагаанд хамтран оролцох, зэвсэглэл техникийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг хэлбэрээр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяртай байна.

ХБНГУ-аас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 1995 оноос хойш нийтдээ 20 шахам тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нь хоёр орны харилцаа хэрхэн хөгжиж байгааг харуулсан бодит жишээ юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 265 цэргийн алба хаагч Герман Улсын буцалтгүй тусламжаар суралцан, төгссөн бөгөөд тэд өнөөдөр томилогдсон анги, байгууллагууддаа албаа амжилттай хааж, Зэвсэгт хүчний шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Афганистан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний 1,500 гаруй цэргийн алба хаагч герман нөхөдтэйгөө мөр зэрэгцэн энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.

2019 оноос эхлэн явагдаж байгаа Уулын явган цэргийн хамтарсан сургалт нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Жил ирэх тусам энэхүү сургалт илүү өргөн хүрээг хамарч, анхан шатнаас мэргэжлийн түвшин рүү шилжиж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд туйлын баяртай байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах яам, энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монгол, герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжин хөгжих болтугай” гэлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг "Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны хамгийн залуу төсөл болох Уулын явган цэргийн хамтарсан сургалттай өөрийн биеэр танилцахаар ирсэн нь хоёр орны тусгаар тогтнол, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсний илэрхийлэл" гэдгийг тодотгов.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба