Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийгээс олдсон хамгийн том трисерапторын араг яс 6.6 сая еврогийн үнэ хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Парис хотод болсон дуудлага худалдааны үеэр 8 метр урт үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг АНУ-ын хувийн цуглуулагч 6.6 сая еврогоор худалдаж авчээ.

Big John нэртэй уг олдвор нь дэлхийгээс олдсон хамгийн том трисерапторын араг яс бөгөөд 66 сая жилийн настай юм.

Уг олдворыг 2014 онд анх АНУ-ын Өмнөд Дакота мужаас илрүүлж, Италийн мэргэжилтнүүд трисерапторын бүрэн араг ясны 60 хувийг сэргээн босгож байжээ.

Дуудлага худалдаанд 10 хүн оролцсоноос гурав нь сүүлийн шатанд өрсөлдөж, 1.5 сая еврогийн үнэ хүрэх байх гэсэн анхны таамгийг эвдсэн байна.

АНУ-аас ирсэн худалдан авагч анх үлэг гүрвэлийн араг ясыг хараад л “шууд дурласан” тухай дуудлага худалдааг зохион байгуулагчид ярьжээ.

Big John нь Цэрдийн галавын сүүл хэсэгт амьдарч байсан юм. Энэ бол үлэг гүрвэлүүдийн эриний төгсгөл үе байжээ. Трисераптор нь хамар дээрээ нэг, духан дээрээ хоёр, нийт гурван эвэртэй өвөрмөц үлэг гүрвэл юм. Нэр нь ч гурван эвэртэй гэсэн Латин үгнээс гаралтай.

 

Өнгөрсөн онд Нью Йорк хотод болсон дуудлага худалдаагаар 67 сая жилийн настай Тираннозавр Рэксийн араг яс $31.8 саяд зарагдсан нь үлэг гүрвэлийн олдворуудын хувьд хамгийн өндөр үнэ байжээ.

Гэхдээ үлэг гүрвэлийн олдвор ямар үнэ хүрэхийг урьдчилан таахад маш хэцүү. 2020 онд Парис хотод хэд хэдэн үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаагаар зарахыг оролдсон ч авах хүн олдоогүй гэдэг.

Хэдийгээр олдворууд хувийн цуглуулагчдын өмчлөлд шилждэг ч музейнүүд тэднээс түрээслэх боломжтой байдаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian