Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Блокчейн бол блокноос гарах боломж

ikon.mn
2021 оны 10 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Блокчейн бүгдийг өөрчилж байна. Интернетийг хүртэл …

Брок Пийрс, хөрөнгө оруулагч

Ардчилал гэх шинэ нийгмийг хуучин хүрэмтэйгээ алхаж орсноос хойших 30 жилийг ерөнхийд нь блоклуулсан дугаар шиг байсан гэхэд дэгс болохгүй. Бид блоклуулснаа мэдэхгүй гадагш баахан "залгасан" ч тусыг эс олсоор өнөөг хүрчээ. Зөвхөн уул уурхай дээр тогтсон эдийн засагтай, түүнийгээ тойрсон эдийн засагтай улс. Шийдэл хайж бэдэрсэн ч хуучин нийгмээс үлдсэн өгөр саарал блок дээр очоод тагларчихдаг …

Хэн нэгэн даргын, ямар нэгэн блокийн урд очоод гацчихгүй байх боломж байна аа. Тэр бол технологи. Технологи дотроо блокчейн. Монголчууд бид блокчейн гэдгийг элдэв койноор дамжуулаад эчнээ мэддэг болсон. Гэхдээ түүнээс ч илүү том боломж нууж байгааг бид өмнөх нийтлэлүүддээ хангалттай дурдсан билээ. Бидний 30 жил блоклуулсан дугаар шиг амьдарсан золгүй түүхийг өөдрөг түүхээр солих боломж байгааг ердөө ганцхан санаачилга дээр тулгуурлан товч тайлбарлая. 

Smart Hub: Ухаалаг зангилаа

Ханган нийлүүлэх сүлжээ бол бусад бүх бизнесийн гол зангилаа байдаг. Хэдийгээр энэ нь зөвхөн нэг компанийн нийлүүлэлтийн сүлжээ мэт харагдах ч цаашлаад нэг улсын, бүр цаашлаад дэлхий нийтэд хамаатай асуудал юм.

Монгол Улс үеийн үед ханган нийлүүлэлтийн дэд бүтэц хөгжөөгүй улсын тоонд байсаар ирсэн. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны судалгаанд гол оноо алддаг салбар нь ч энэ. Үүнийгээ шийдэж чадвал бүс нутгийн томоохон интеграцаас өгөөжөө хүртэх боломжтой. Одоо гол асуудалдаа оръё. Ухаалаг зангилаа гэж томьёолж буй "Smart Hub" гэж чухам юу юм бэ, ямар үр дүн авчрах юм бэ …

Энэ бол товчхондоо блокчейн, үүлэн технологийн хосолмолоор нийлүүлэлтийн сүлжээг хангах цогц шийдэл юм. Хэрэглэхэд хялбар веб, гар утасны интерфейс, нээлттэй API болон блокчейнийг тухайн нийлүүлэлтийн сүлжээнд нэвтрүүлнэ гэж товч ойлгож болно. Ингэснээр тухайн компани харилцагчидтайгаа харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах, дата дүн шинжилгээ хийх, бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгөн баталгаажуулах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь блокчейн технологид суурилсан тул тухайн нийлүүлэлтийн сүлжээнд буй харилцагчтайгаа бичиг баримт солилцох үед мэдээллийн аюулгүй байдлыг хангана. Тухайлбал талууд бараа тээвэрлэлтийн явцад ямар нэгэн мэдээлэл өөрчлөхөд хэн, хэзээ өөрчилснийг бүрэн хянах боломж бүрдэх юм.

Ухаалаг зангилаа болсон "Smart Hub" санаачилгад дурдууштай нэг зүйл нь юмсын интернет билээ. Юмсын интернет /IoT/ мэдрэгч төхөөрөмжийг ачааны машинд суурилуулснаар тээвэрлэлтийн явц, байршлыг тухайн цагт нь хянах нөхцөл бүрдэнэ. Улмаар бараа бүтээгдэхүүн гэмтэх, эвдрэх, хулгайд алдах, хэн нэгэн этгээд шамшигдуулахаас сэргийлэх юм. Мөн тээвэрлэгдэж буй бүтээгдэхүүний физик хэмжигдэхүүний мэдээллийг тухайн цаг хугацаанд нь авснаар тээвэрлэлтийн горим алдагдахгүй байх боломжтой. 

Ухаалаг зангилаа гэдэг ойлголтоос ухаалаг гэдэг үгийг нь тогтож сайн хараарай. Манайд хэн нэгэн том дарга, хэн нэгэн том ах байж байж л ямар нэгэн ажил явдаг хэлтгий ойлголт бий болсоор уджээ. Тэгвэл Ухаалаг зангилаанд нэгдсэнээр гишүүн байгууллага тус бүрийн оролцоо бүхий бизнесийн блокчейн сүлжээ бий болно. Ингэснээр гуравдагч, дундын зуучлагч шаардахгүйгээр байгууллага хоорондоо шууд харилцан үйлчилгээ үзүүлж, үр дүнг нь баталгаажуулж, харилцан үнэлэх бодомж бүрдэнэ. Ингэснээр төвлөрсөн бус эрүүл, нээлттэй экосистем бүрдэх юм. Чухамдаа ийм экосистемд иргэн А байна уу, Б байна уу ялгалгүй тухайн хүн өөрөө, өөрийнхөө сүлжээний эзэн байна гэсэн үг.

Хэн хожно гэж…

Явцуу утгаар нь харвал тухайн компани хожно. Илүү өргөн утгаар нь харвал Монгол Улс бүхэлдээ хожно. Монголд хөрөнгө оруулж буй компани бичиг баримтын бүрдүүлэлтэд дунджаар 2.5 жилийн хугацаа шаарддаг гэсэн тоо гарчээ. Үүнээс уул уурхайн компаниуд 1.5-2 жил байдаг байна. Ханган нийлүүлэлтийн сүлжээнд ч энэ тоо бүр талийж өгнө. Цагаан хад, Гашуунсухайт боомтод зам дээр 1.5 жил өнжиж буй нүүрс тээврийн жолооч нарыг ярих ч юм биш. Төвлөрсөн бус нээлттэй платформ дээр блокчейн технологиор энэ асуудлыг шийдвэл хэчнээн амар байхсан. Тээврийн менежмент сайжраад зогсохгүй, тээвэрлэлтийн дундаж хурд нэмэгдэнэ. Элдэв янзын зөвшөөрөл хүлээж хагас жилээс илүү хугацааг үрдэггүй болно. Өдгөө энэ хурдыг л хадгалах, алдагдал хүлээхгүйн тулд Өмнөд Солонгос, Нидерланд зэрэг улсууд боомт бүр дээр блокчейн технологи нэвтрүүлэхээр зорьж байна. 

Ердөө дараах хэдэн зүйлсийг л дурдъя. Хэрсүү уншигч та үүнээс төвөггүй нэгийг ухаарах байх. Тээврийн менежмент сайжирна. Хамгийн гол нь бизнесийн үр ашиг нэмэгдэнэ. Мэдээллийг нээлттэй солилцсоноор үүсэх маргаан багасна. Бизнесийн үйл ажиллагаа тэлнэ. Байгууллага хоорондын харилцаа сайжирна. Санхүүжилтийн процесс түргэн болж, эрсдэлийн дүн шинжилгээнд хугацаа алдахгүй. Тоочоод байвал үүнээс ч олон эерэг үр дүнг дурдах байна. 

Бид хэдий болтол хөрш хоёроосоо хараат байх вэ. Яг одоо таныг энэ нийтлэлийг уншиж байх зуур Замын-Үүд хаагдаж, Тяньжин дээр саатсан барааны анхны үнэ 3 нугарч байгааг сануулъя. Төвлөрсөн, уламжлалт, цаг барсан сэтгэлгээндээ хэдий болтол баригдах вэ...