Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Мандал Эрсдэлийн Форум”-аас онцлох 6 санаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал Даатгал ХК нь Монгол Улсын бүхий л салбарт тулгардаг эрсдэлүүдийг хамтдаа даван туулах арга замыг эрэлхийлэх зорилготой “МАНДАЛ ЭРСДЭЛИЙН ФОРУМ”-ыг Эрсдэлийг улсаараа хэлэлцье уриатайгаар 12 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгарсан томоохон эрсдэлүүд ба тэдгээрээс бий болсон боломжуудыг онцолсон юм. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлын улмаас иргэд, ААН-үүдэд учирсан хохирлыг бууруулах хэрэгслүүд, арга замын талаарх сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ. Ийнхүү та бүхэнд “МАНДАЛ ЭРСДЭЛИЙН ФОРУМ”-аас дараах онцлох санаануудыг хүргэж байна.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал ойрын 5 жил үргэлжлэх төлөвтэй байна

Монгол Улсын хувьд нийгэм, эдийн засаг болон байгалийн эрсдэл гэсэн үндсэн гурван эрсдэл тулгамдаж байгаа юм.

Ковидын үед суурь өвчлөлтэй хүмүүст хамгийн их эрсдэл тулгарч байна. Халдварт цар тахлаар нас барсан нийт тохиолдлын дотор Ковидын шууд шалтгаант нас баралт 22.7% байгаа бол архаг хууч өвчин болон Ковид хавсарсан тохиолдол 77.3%-ийг эзэлж байна. Энэ нь нийт хүн амын дийлэнх нь цар тахлын хамааралгүй архаг суурь өвчтэй буюу эрүүл мэндийн ноцтой асуудалтай байгааг илтгэж байна. Иймд, Засгийн газрын зүгээс хүн амын өвчлөлийн болон нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн багцын үйлчилгээг өргөжүүлж, насны багцыг шинэчлэхээр ажиллаж байна.

 

Он гарсаар газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэн нь байгалийн тулгамдсан эрсдэл болж байна. МХЕГ-аас сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд эрсдэлийн үнэлгээ хийхэд орон нутагт 1834, нийслэл хотод 7152 барилга байгууламжийг эрсдэл ихтэй хэмээн үнэлсэн. Иймд барилга байшинг паспортжуулах, газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх станцуудын тоног төхөөрөмжийн шинэчлэл, түүнчлэн шинэ станцын бүтээн байгуулалтын ажлууд эхний шатандаа явагдаж байна.

Цар тахлын улмаас дэлхий дахинд тулгамдаад буй гол асуудлын нэг бол олон улсын ачаа тээврийн бөөгнөрөл, саатал, үнийн өсөлт болоод байна. Мөн манай улсын хувьд дотоодын халдвар эрчимтэй тархсантай холбоотойгоор ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож орлого огцом буурсан зэрэг эрсдэлүүд нь өрх, бизнес эрхлэгчдийн хувьд хүндхэн цохилт боллоо. Засгийн газрын зүгээс эдийн засгаа дэмжих үүднээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, дархлаа сэргээх нэмэлт III тунг орон даяар идэвхжүүлж, “даван туулах, дасан зохицох стратеги”-ийн дагуу эрүүл мэнд, эдийн засгаа тэнцвэртэй авч явна гэдгийг мэдэгдлээ.

Ирэх жилийн эдийн засгийн “цаг агаар”-ын тухайд

Макро эдийн засгийн төлөвөөс өрх гэр, бизнес эрхлэгчид, улс төрийн бодлогын эрсдэлийн удирдлагын чиг хандлага шалтгаалдаг. Үндсэн дөрвөн секторын төлөвийг харахад өрх, ААН-үүд, Засгийн газрын хувьд хүлээлт сөрөг байгаа бол, гадаад зах зээлийн хувьд байдал харьцангуй эерэг байх төлөвтэй байна. Тодруулбал, зах зээлийн хамгийн том худалдан авагч буюу өрхүүдийн хувьд ирэх жилийн хэрэглээгээ нэлээн танах, хүнсний бус худалдан авалт (үл хөдлөх хөрөнгө, автомашин, цахилгаан бараа) зогсонги байдалд орох хандлага ажиглагдаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн борлуулалт, үйл ажиллагаа тодорхой хувиар хумигдах төлөвтэй байна. ААН-үүдийн 42% нь борлуулалт ирэх жилийн өдийд хэвийн болно гэдэг гутрангуй хүлээлттэй байгаа юм. Иймд, тэдний хувьд ч мөн адил бүсээ чангалах бодлого ирэх жилүүдэд баримтлах дүр зураг ажиглагдаж байна.

Эдийн засгийн өсөлтийг амлаж буй бас нэгэн чухал хүчин зүйл бол гадаад өр зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулсан явдал. Ингэснээр долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байж, валютын дарамтад орох эрсдэл харьцангуй багасах юм.

 

Засгийн газраас экспорт, импортын голлох байршлуудыг ногоон бүс болгох ажлыг эрчимтэй гүйцэтгэх шаардлагатай. Учир нь уул уурхайн салбараас хамаарч уул уурхайн бус салбарууд тогтдог. Өөрөөр хэлбэл дотоодын халдвараа хэр амжилттайгаар хумьж чадахаас худалдааны болон тээврийн салбарын ирээдүй хамаарах юм.

Ковидын нөхцөл байдлыг эс тооцвол бидэнд хүлээгдэж буй томоохон эерэг нөлөөллүүд ажиглагдаж буй. Тухайлбал, төмөр зам ашиглалтад орж, Оюу толгойн далд уурхайтай холбоотой асуудал тогтсон нэг шийдэлд хүрч чадвал 2023 онд одоогийн байгаа нүүрс, зэсийн экспорт хоёр дахин нэмэгдэх боломжтой. Эдгээрийг харахад 2023 болоод 2024 онуудад эдийн засгийн хувьд харьцангуй өндөр өсөлттэй жил болох төлөвтэй байна.

Хөрөнгө оруулалтын орчин ба боломж

Цар тахлын үед улс орнууд эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг хийсэн. Монгол Улсын хувьд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын дараах тохируулгууд хийгдсэн:

  • Бодлогын хүүг бууруулах
  • Уламжлалт бус аргаар мөнгө нийлүүлэх
  • Бараа таваарын ханш нэмэгдсэн (зөвхөн Монгол улсад)
  • Уул уурхайн салбартай холбоотойгоор их хэмжээний мөнгө орж ирсэн
 

Ингээд нийт дүнгээр харахад нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 5.6 их наяд төгрөгөөр, хувиар тооцоход 26%-ийн өсөлттэй байгаа юм. Ирэх жилүүдэд ч мөнгөний нийлүүлэлт өндөр байх хандлагатай байна. Эцсийн хэрэглэгч, зээлдэгчид ирэх ачааллыг бууруулахын тулд бодлогын хүү буурсан. Ингэснээр хадгаламжийн хүү буурч, хөрөнгийн зах зээл болон бусад хөрөнгө оруулах боломжтой мөнгө зах зээл дээр өссөн юм.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Энэ нь бидний өмнө олон шинэ боломжууд болон эрсдэлийг бий болгосон. Хөрөнгийн зах зээлийн нэг л бүтээгдэхүүн асуудалд ороход бусад бүтээгдэхүүн ч үнийн хувьд уналтад орох эрсдэлтэй байдаг. Иймд, зөв бүтээгдэхүүнийг сонгож, оновчтой хөрөнгө оруулалт хийж чадах нь маш чухал. Хөрөнгө оруулалт бол зөвхөн ганц хүний ашиг сонирхлын тоглоом бус тухайн зах зээлд буй бусад “тоглогч” нарын эрх ашигт ч мөн нөлөөлдөг дүрэмтэй гэдгийг санах хэрэгтэй.

Эрсдэл ба боломжийн ялгааг тодорхойлох цорын ганц арга бол судалгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулах гэж буй компанийг агуулгын хувьд судалж, сууриас нь харж байх хэрэгтэй. Тодруулбал:

  • Тухайн компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг харна (санхүүгийн чадамж, өр ба орлогын харьцаа г.м.)
  • Зах зээлийн боломжийг харна (зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх)
  • Менежментийн багийг харна (бага хамт олны ажиллагаа, потенциал байгаа эсэх)
  • Бүтээгдэхүүнийг харна (зах зээлд байршихуйц эсэх)
  • Засаглал (компанийг бүрдүүлж буй баг өөрсдийн хийж буй зүйлийг үнэхээр мэддэг эсэх)

Эдгээр үзүүлэлтээс хамаарч хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өгөөж болон эрсдэлийг тооцоолох боломжтой болно. Хөрөнгө оруулалт бол бүхэлдээ эрсдэлийн удирдлага юм.

Бид хөрөнгө оруулалтын зах зээлд бий болсон боломжуудыг ашиглаж маш сайн судалгаатай, эрсдэлийн өндөр удирдлагатай байх шаардлагатай.

 
 

Зохицуулалтгүй зах зээл буюу койн юунд хүргэх эрсдэлтэй вэ?

Хөрөнгийн зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүд болох хувьцаа болон бондын цаана бодит хөрөнгө, бодит бизнес, бодит орлого байдаг. Харин койны хувьд тогтвортой болон тогтворгүй гэж ангилж болно. Тогтвортой буюу stable койны цаана бодитой хөрөнгө оршдог. Энэ төрлийн койны цаана байгаа хөрөнгө өсөхөд койны үнэ дагаж өсөх зарчмаар ашиг олдог байна. Өөрөөр хэлбэл хувьцаатай адил гэсэн үг юм. Харин нөгөө төрлийн койны ард талд нь бодитой хөрөнгө, бизнес байдаггүй. Нэг хүн санаачилж койн гарган иргэдээс мөнгө татаж, цэвэр үнийн өсөлтөөс ашиг олох зарчмаар явдаг. Үүнийг спекуляц хийж ашиг олж байна гэж ойлгож болох юм. Тэгэхээр эдгээр койны хувьд үнийн өсөлтөөс улбаалан их хэмжээний мөнгө олж, цаашлаад хөөс болон хагарах эрсдэлтэй гэсэн үг. Үр дагаварт нь маш олон хүн хөрөнгөө алдаж, улмаар хөрөнгийн зах зээлд ч сөрөг үр дагавар бий болох юм.

Эдгээр хоёр төрлийн зүйл нь нэг нэршлийн дор буюу койн хэмээгдэж байгааг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар ч зохицуулалтгүйгээр эрчимтэй өсөж буй энэхүү бүтээгдэхүүн нь богино хугацаанд ашиг хийх иргэдийн сонирхол дээр тулгуурлаж хөөсрөлт бий болгох эрсдэлтэй гэдгийг ойлгох нь чухал.

Үйл ажиллагааны онцлох 3 эрсдэл

Цар тахлын үед Засгийн газраас гаргасан шийдвэрүүд нь хүний хөдөлгөөнд шууд нөлөөлдөг. Эргээд энэ нь борлуулалтад сөргөөр нөлөөлж, ААН-үүдийн орлого огцом буурахад хүргэсэн юм. Цагийн хязгаарлалт, тээврийн хувьд нэгдсэн нэг шийдэлгүй байгаагүй тул ажилтнууд зорчих боломжгүй болох, бүтээгдэхүүний нөөц багасах зэрэг тоолж барамгүй олон асуудал ААН-үүдийн нуруун дээр буусан. Эдгээр асуудлын үр дүнд бизнес эрхлэгчдэд тулгарсан эрсдэлүүдийг тоймлон харвал үйл ажиллагаатай холбоотой дараах 3 эрсдэлийг онцолж байна:

  • Хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөх. Илүү аюулгүй байдлыг чухалчилж, өөрт хамгийн ойр байрлах газруудаар үйлчлүүлэх, нэг дор ихээр худалдан авалт хийх хандлагатай болсон. Иймд, бизнес эрхлэгчид дижитал хэлбэрт шилжиж, онлайн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай боллоо.
  • Хүний нөөцийн эрсдэл. Ажилтны өвчлөл өндөр, цар тахлын нөхцөл байдлын улмаас ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөх, төр засгийн халамжийн бодлогын улмаас хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт буурах зэрэг асуудлууд бий болсон. Иймд, бизнес эрхлэгчдийн хувьд нийт ажилтнуудыг хамруулсан судалгааг тогтмол явуулж тэдэнд тулгарч буй бодит асуудлуудыг олж илрүүлэх, мөнгөн болон мөнгөн бус урамшууллыг олгох, тэдний ажил амьдралын балансыг хангах үүргүүдийг хүлээж байна.
  • Тээвэр ложистикийн эрсдэл. Үйл ажиллагааны төрөл харгалзахгүйгээр бүх ААН-үүдийн бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэлт удааширч, цаашлаад саатах эрсдэлтэй нүүр тулсан. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасахад эрэлт ихэсдэг, цаашлаад үнэ нэмэгдэж байдаг. Иймд, бизнес эрхлэгчдийн хувьд нөөцөө нэмэгдүүлэх, нийлүүлэгчтэй сайн харилцаа тогтоож, тогтмол уулзалт хийж, борлуулалтын мэдээллээр хангах шаардлагатай байна.
 
 

Дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, импортын бүтээгдэхүүний тасалдал он гарсаар буурч байгаа ч цаашид байдал тогтворжих, сайжрах эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс иргэд, ААН-үүд цар тахлын нөлөөгөөр бидний хэвийн амьдралд орж буй эдгээр өөрчлөлтүүдийг хүлээн авч, сайтар таньж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, өөрчлөлтөд тэсвэртэй уян хатан байх хэрэгтэй юм.

Тээвэр ложистикийн доголдол 2023 он хүртэл үргэлжилнэ

Германы хамгийн том даатгалын компани болох “Allianz Risk Barometer”-аас 2500 гаруй эрсдэлийн экспертүүд болон бизнесийн лидерүүдийг оролцуулан  тухайн жилийн топ 10 эрсдэлийг тодорхойлдог. Энэ жилийн хувьд хамгийн том эрсдэл бол нийлүүлэлтийн гинжин хэлхээ буюу тээвэр ложистикийн улбаатай бизнесийн доголдол хэмээн тодорхойлсон байна.

Монгол Улсын хувьд энэхүү эрсдэл нь дараах байдлаар харагдаж байна:

  • Хэвийн үетэй харьцуулахад тээврийн төрлүүд үнийн хувьд 20-30%-ийн өсөлттэй байна
  • Замын-Үүд, Эрээний нөхцөл байдалтай холбоотойгоор тээврийн үнэ 87%-иар өссөн байна
  • Ачаа бараа цагтаа ирсэн байдлыг хэвийн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар буурч 64% болсон
  • Улсын нийт импортын 50%-ийг нэвтрүүлдэг Замын-Үүд, Эрээний боомт саатсан
  • Хил хоорондын тээврийн үнэ 10 дахин өссөн
  • Эрээн боомтын ачаалал хэтэрч ачаа татан авалт багассан
  • Чингэлгийн барьцаа үнэ нэмэгдэж, хүлээлгийн хугацаа богиноссон
 

Эдгээр нь дотоодод халдварын тархалт өндөр байгаатай шууд холбоотой. Ирэх жилүүдэд бид маш олон эрсдэл дунд бизнес эрхлэх нь тодорхой болсон тул тээвэр ложистикийн талаас анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудлууд бий:

  • ААН-үүд далайгаар ирдэг бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар муудна гэдгийг анхаарах
  • Бараа, материалын татан авалтын төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай. Үүний тулд тээвэр зууч, үйлдвэрлэгчтэй сайн харилцаа тогтоох
  • Монгол Улсад агуулахын эрэлт болон үнэ өсөхийг тооцоолох
  • Хөрвөх чадвар дээр анхаарах

Төр засгийн зүгээс цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай зүйлсийг дурдвал:

  • Тээвэр зууч, МТЗНХ-той нягт ажиллаж Тианжин, COSCO-с хамаарлаа бууруулах стратеги боловсруулан ажиллах
  • Тианжин гаалиас чингэлэг шилжүүлэн ачих зөвшөөрлийг авах
  • ОХУ болон БНХАУ-тай төрийн түвшинд урт хугацааны тогтвортой шийдэлд хүрэх
  • Боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр бодлогоор дэмжих, тээвэр зуучдыг бодлогоор дэмжих
  • ААН-үүдийн хөрвөх чадварыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг өргөжүүлэх/сунгах
 
 
 

Форумын илтгэлүүдийг бүрэн эхээр нь Мандал Даатгал ХК-ны албан ёсны Facebook хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой.

Мөн Мандал Эрсдэлийн Форум, эдийн засаг, бизнес, нийгмийн эрсдэл, эрсдэлийн удирдлагатай холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл www.risk.mn вебсайтад бүртгүүлээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.