Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгинохайрхан бол тулгамдсан олон асуудалтай дүүрэг. Тойргийнхоо дүүрэг, хороодод төсөв тавиулах гэж үзнэ ээ"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нөхөн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугараас сэтгэгдлийг нь сонслоо.

-Та Монгол Улсын Их хурлын гишүүн ёс зүйн дүрэмтэй танилцаж амжсан уу?

-Юуны өмнө энэ сайхан завшааныг ашиглаад Сонгинохайрхан дүүргийн сонгогчдодоо баярлалаа гэж хэлье. Та бүхний итгэлийг маш том үүрэг хариуцлага гэж харж байгаа.

Мөн би энэ танхимын хамгийн залуу гишүүн юм билээ. Энэ утгаараа залуучуудын дуу болон ажиллах болно.

-Сонгинохайрхан дүүргийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Сонгинохайрхан бол гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудалтай дүүрэг. Бусад гишүүдтэйгээ хамтраад зам, сургууль, цэцэрлэгийн асуудлыг үе шаттайгаар шийдэхийн төлөө ажиллана.

-Нөхөн сонгуулийн ирц хангалтгүй байсан. Үүнээс харахад танд итгэл өгөөгүй маш олон сонгогч байна гэж хэлж болохоор байгаа?

-Манай тойргийн  сонгогчдын ирц 49 хувьд хүрсэн. Энэ бол чамлахаар үзүүлэлт биш. Дээрээс нь намрын цагт маш олон иргэн хөдөө орон нутаг руу явчихсан байдаг юм билээ. Би сонгогчдынхоо итгэлийг ажлын үр дүнгээр хариулна.

-Та хоёр тэрбум төгрөгийн өртэй гэсэн. Өрөө дарахын тулд УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглах уу?

-Тийм сонин асуудал юу гэж байхав дээ.

-МАН-ын зүгээс таныг Оюутолгойн асуудалд төвлөрүүлэн ажиллуулахаар болсон гэдэг мэдээлэл байгаа?

-Миний хувьд JP Morgan хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан. Энэ туршлагаараа миний хэрэгцээ гарвал чадах бүхнээ зориулж ажиллана.

-Та УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Харин МАН болон МАХН нэгдсэний дараа нөхөн сонгуульд дахин нэр дэвшиж сонгогдлоо?

-МАН болон МАХН гэхээсээ илүү Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдын дэмжлэгээр УИХ-ын гишүүн боллоо.

-Та цаашид хууль тогтоох үйл ажиллагаанд ямар шинэлэг өөрчлөлт хийнэ гэж төлөвлөж байгаа вэ?

-Намрын чуулганаар хэлэлцэх улсын төсвийн асуудалд түлхүү анхаарна. Тойргийнхоо дүүрэг болоод хороодод төсөв тавиулах гэж үзнэ ээ.

-Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, шинээр хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцлээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэдхэн цагийн өмнө УИХ-ын гишүүний тангараг өргөсөн учир энэ асуудалтай танилцаж амжаагүй байна.

-МАХН болон МАН нэгдэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал тохиролцсон. Энэ тохиролцоо хэзээнээс ажил хэрэг болж эхлэх вэ?

-Тохиролцоо гэхээсээ илүү нэг угшилтай намууд. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна өөр олон том асуудлууд яригдсан. Гэхдээ Үндсэн хуультай холбоотой асуудлыг одоо ярих цаг нь биш байх.

-Таныг аавынхаа нөлөөгөөр улс төрд орж байна гэдэг?

-Би өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодолтой Батшугар гэдэг гишүүн болж байна. Ямар ч хүн аав ээжийгээ хүндэлдэг. Би ааваараа бахархдаг.