Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Амарсанаа: Монгол Улсын шүүх 2021 оны гуравдугаар улиралд 62,138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх" хэвлэлийн хурлын үеэр Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа 2021 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцуулав.

Түүний мэдээлснээр Монгол Улсын шүүх дээрх хугацаанд 62,138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Тухайлбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд энэ оны гуравдугаар улиралд

  • эрүүгийн 8,668,
  • иргэний 29,970,
  • захиргааны 1,222 хэрэг,
  • зөрчлийн 15,857 буюу нийт 55,717 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Мөн 15,980 хүн, 61 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1,107 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1,020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1,436 хүний цагдан хорих хугацаа сунгасан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 2,159 хэргээр буюу 19.9 хувиар, иргэний хэрэг 11,933 хэргээр буюу 28.5 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 102 хэргээр буюу 9.1 хувиар өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2021 оны гуравдугаар улиралд эрүүгийн 1,574, зөрчлийн 406, иргэний 1,956, захиргааны 994 хэрэг, нийт 4,930 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх дээрх хугацаанд эрүүгийн 273, иргэний 1,092, захиргааны 126 хэрэг нийт 1,491 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1,105 хуралдаанд 1,121 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

 

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл