Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор ОХУ-ын иргэдийг долоо хоног гэрт нь суулгах захирамжийг Путин гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед ОХУ даяар Covid-19-ийн өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаа нь эрх баригчдыг хатуу арга хэмжээ авахад хүргэжээ.

Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ихэнх иргэдээ долоо хоногийн турш ажиллуулалгүй, гэрт нь суулгах захирамж гаргасан байна.

Сүүлийн 24 цагийн дотор ОХУ даяар 1,028 хүн нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Нийт нас барсан хүний тоо 226,353 хүрсэн байна.

Засгийн газар нь ажлын бус долоо хоногийг аравдугаар сарын 30-наас эхлүүлэх санал оруулсныг Владимир Путин өчигдөр дэмжжээ.

Путин шийдвэрээ танилцуулахдаа хугацааг энэ Бямба гараас эхлүүлж, арваннэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжлэхээр сунгах боломжтойг бас хэлсэн байна.

Коронавирусийн халдвар тархалт нэмэгдэхэд хүн амын вакцинжуулалтын явц удаан байгаа нь нөлөөлж байгаа.

Одоогоор ОХУ-ын 146 сая хүн амын 45 сая нь буюу ойролцоогоор гуравны нэг нь л вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

Өчигдөр хэлэхдээ Владимир Путин “Энэ цаг үеийг давах хоёр л зам байна. Нэг бол өвдөх, нэг бол вакцин тариулах. Яагаад өвдөж зовохыг, үүний муу үр дагаврыг хүлээх гэж? Вакцинжуулалтад идэвхтэй хамрагдацгаая. Өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, шаардлагатай арга хэмжээг авцгаахыг уриалж байна” гэж ард түмэндээ хандаж мэдэгджээ.

Эх орондоо үйлдвэрлэсэн Спутник-V вакцинд эргэлзэж байгаа иргэддээ хандаж тэр хэлэхдээ “Яагаад эргэлзээд байгааг би ойлгохгүй байна. Манай вакцин найдвартай, үр дүнтэй. Вакцин үнэхээр өвдөх, нас барах эрсдлийг бууруулдаг” гэсэн байна.

Вакцин тариулсан хүмүүст хоёр өдрийн цалинтай чөлөө олгох засгийн газрынхаа саналыг дэмжсэнээ тэр энэ үеэр мэдэгдсэн юм.

Энэ удаагийн хориг төрийн албан хаагчдад үйлчлэх ч хувийн салбарынханд яах нь тодорхойгүй байна. Албан байрнууд, нийтийн тээврийн гол чиглэлүүд хаагдах ч ресторан, кафе, баар, театр, фитнес төвүүд хаагдахгүй гэнэ.

Мөн засгийн газар дээрх саналыг ерөнхийлөгчид өргөн барьсан тухай мэдээ Мягмар гарагт цацагдсаны дараа олон хүн Хар тэнгисийн амралтын газрууд руу нисэх тасалбар захиалсан мэдээлэл байна.

ОХУ-ын цар тахалтай тэмцэх төвийн дарга, шадар сайд Татьяна Голикова ажлын бус долоо хоног нь ресторан, бусад үйлчилгээний газруудын ачаалал буурахад нөлөөлнө гэж тооцоолж байгаагаа мэдэгджээ. Энэ долоо хоногийн хугацаанд гэрээсээ хол зорчихгүй байхыг тэр бас иргэддээ уриалсан байна.

 

Эх сурвалж: Associated Press