Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины ханш түүхэн дээд хэмжээндээ хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том криптовалют гэгддэг биткоины ханш өчигдөр орой $66,900 орчимд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Урд өдөр нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд анхны крипто ETF (Exchange-Traded Fund) арилжаалагдаж эхэлсэн нь биткоины үнэ ханшийг нэг хоногийн дотор 7 хувиар өсөхөд нөлөөлжээ.

“ProShares Bitcoin Strategy ETF” нь АНУ-ын үнэт цаас, арилжааны хорооноос зөвшөөрөл авсан анхны ийм төрлийн бүтээгдэхүүн юм. Араас нь өөр хэд хэдэн ижил ETF зөвшөөрлөө авахаар хүлээж байгаа.

Шинэ ETF эхний өдрөө 24.1 сая ширхэг арилжагдсан нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд хоёрт орох өндөр үзүүлэлт болсныг Блүүмбэрг мэдээлжээ.

Уг бүтээгдэхүүн нь шууд биткоинд хөрөнгө оруулдаггүй. Харин биткоинтой холбоотой фючерсийн зах зээлд хөрөнгө оруулах боломж олгодог.

Биткоины ETF зах зээлд бий болсноор уламжлалт брокерууд бусад төрлийн ETF-үүдтэй адил чөлөөтэй арилжаалах боломжтой болж, илүү өргөн хүрээнд хөрөнгө оруулагчдыг татах боломж нээгдэж байна.

Биткоины ханш энэ оны дөрөвдүгээр сард $64,000 орчимд хүрснийхээ дараа тал орчим хувиар унаж байв. Үүний дараа олон компани, томоохон хөрөнгө оруулагчид, Эль Сальвадор улсын засгийн газар биткоин худалдаж авснаар ханш нь дахин сэргэж, өмнөх дээд түвшиндээ ойртсон юм.

Сүүлийн үед хөрөнгө оруулагчид биткоиныг илүү ихээр сонирхох болсон нь түүнийг инфляцаас хамгаалах “дижитал алт” болох магадлалтай гэж үзэж байгаатай холбоотой.

Гэхдээ эрх баригчид биткоинд хатуу хандсан хэвээр байна. Өнгөрсөн сард Хятадын засгийн газар крипто арилжааг хууль бус болохыг зарласан. АНУ-ын үнэт цаас, арилжааны хорооны тэргүүн саяхан хэлэхдээ “криптогийн ертөнцөд хөрөнгө оруулагчдыг эрсдлээс сэргийлэх хангалттай хамгаалалт байхгүй” хэмээн анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press