Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИДЫН ТӨСӨВТ ИРГЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

ikon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN

Түүх эхлэхээс өмнө:

 

Коронавируст халдвар  (Ковид-19) цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцээд хоёр жилийг ардаа үдлээ. Бид урьдчилан сэргийлэх, дархлаажуулах, эмчлэх арга барилд суралцсаар байна. Суралцах бүртээ алдаа, оноогоо дэнсэлж өдөр бүр үйл ажиллагаа, бодлого, шийдвэртээ шат ахиж дэвшиж байгаа гэдэгт иргэн хүний хувьд зөн совингоороо итгэдэг. Итгэл бол ил тод байдлаас үүдэлтэй билээ.

Түүх эхлэх болсон үндэслэл:

Манай улсаас төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх эрх зүйн боломж зохицуулалт бүрдсэн хэдий ч, Төсвийн нээлттэй байдлын судалгаагаар Монгол улс 2015 онд 100 онооноос 51 оноо, Иргэдийн оролцооны хувьд оролцооны хувьд 100 онооноос 19 оноо авч Монгол Улсын засгийн газрын Монгол улсын засгийн газар иргэдэд төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо сул гэсэн ангилалд багтсан. Мөн энэхүү судалгааны 2017 оны үзүүлэлтээр 100 оноо авахаас 46 оноо авч манай улсын үзүүлэлт буурч төсвийн нээлттэй, ил тод байдлын үзүүлэлт хязгаарлагдмал байдал орсон байна. Орон нутгийн төсвийн ил тод байдлыг сайжруулахад иргэдийн тэр дундаа залуучуудын оролцоог, нэмэгдүүлж ил тод байдлыг сайжруулах зорилгоор “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Авилгатай тэмцэх газар”, “Нээлттэй нийгэм форум” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан “Орон нутгийн төсвөө хянацгаая” хакатоны хүрээнд хэсэг залуус ил тод байдлын тухай эргэцүүлж эхэлсэн юм.

Түүх ийнхүү эхэлсэн юм:

БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн Х: “Би 2021 оны 6-р сард Ковид тусч гэрээр тусгаарлагдан эмчлэгдсэн. Энэ хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн боловч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж  үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай 67/A/268 тушаалаар гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний 70 мянган төгрөгийн багц аваагүйд асуудал байгаа юм. Би өөрийн мөнгөөр өөрийгөө эмчилж эдгээсэн. Гэхдээ энэхүү тусламж үйлчилгээний багцийн тухай мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар иргэд авах хэрэгтэй байна гэж үзэж байна”

СБД-ийн 8-р хорооны иргэн Б: “Манай авга эгч 2021 оны 9-р сарын 2-ны өдөр 25 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарч гэрээр тусгаарлан эмчлэгдсэн. Энэ үед Ковид-19-ийн багц Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний 70 мянган төгрөгийн багц өгсөн. Гэвч халдварыг эмчлэх гол эм болох арбидол багцад байхгүй байсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч “Арбидол эмийг эмийн сангаас өөрөө худалдан авч хэрэглээрэй” гэв. Энэ нь ямар учраас яагаад багц дутуу иргэний гар дээр ирэв. Хэчнээн иргэн ийм дутуу багц авч байгаа вэ гэдэг асуудал юм. Бидний эрүүл мэндийн даатгалын мөнгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгэхээр хэдэн иргэнд хэчнээн багц олгосон, багц нь бүрэн эсэхэд хэн, хэрхэн хяналт тавих боломжтой вэ. Үүнийг иргэд ил, тод нээлттэй мэдэх эрхтэй гэж бодож байна”

Дорноговь аймгийн иргэн Б: “Баянхонгор,  Хэнтий,  Дорноговь, Сэлэнгэ аймагт амьдарч байгаа иргэд сайн дураар Ковид-19-ийн түргэвчилсэн шинжилгээ өгөхийн тулд 25 мянган төгрөг төлдөг бол Дархан-Уул аймгийн иргэд сайн дураар Ковид-19-ийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээг 12 мянга 500 төгрөгөөр өгч байна. Яагаад иргэд тухайн оршин суугаа байрлалаасаа хамаарч өөр мөнгөн дүнгээр төрийн үйлчилгээг авч байна вэ. Түргэвчилсэн оношлуурыг ямар төсвөөр хэдэн төгрөгөөр худалдан авч авдаг тухай мэдээлэл ил тод биш байна. Энэ төсвийн зарцуулалтыг хаанаас харж болох вэ?

Бид тодорхой эх сурвалжаас мэдээлэл авахын тулд Улсын Онцгой комиссын Ковидын тусламж, үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн утас 119 рүү залгасан юм. Ачаалалтай байгаа бололтой 5 мин хүлээсэн юм. Гэвч тодорхойгүй шалтгаанаар дуудлага тасарсан. Ахиад залгаад “Ковидтой холбоотой төсвийн зарцуулалтын мэдээллийг нэгдсэн байдлаар хаанаас харах боломжтой вэ” гэж асуулаа. Харин холбогдох албан тушаалтан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл авахыг зөвлөсөн юм.

Түүх ийнхүү тодорхой болов:

Ковидын түргэвчилсэн оношлууруудын үнэ орон нутгийн аймаг бүрт харилцан адилгүй өөр үнэтэй байсан тул Ковидын зарцуулалтын мэдээллийг тодорхой үзхээр 21 аймгийн үндсэн цахим хуудас бүрээс ковидын зарцуулалтын ил тод мэдээллийг хайсан юм. Ковид-19 төсвийн зарцуулалтын мэдээллийн ил тод байдлыг 21 аймгийн үндсэн цахим хуудас дээр үндэслэн Ковид-19 нэмэлт цэс, Цэс доторх ковидын төсвийн зарцуулалтыг маш тодорхой ил тод нээлттэй тавих гэсэн 2 шалгуурыг харсан болно. Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс аймаг, агентлаг газар болон төрийн байгууллагуудын цахим сайтын мэдээллийн ил тод байдалд жилдээ хоёр удаа үнэлгээ дүгнэлт хийж зөвлөгөө мэдээлэл өгдөг байна. Бидний судалж үзсэнээр 21 аймгаас 15 аймаг нь Ковид-19 гэсэн цэс аймгийнхаа үндсэн сайтад байхгүй бол 6 аймаг Ковид-19 цэстэй боловч 2 аймаг ковид-19 төсвийн мэдээллээ иргэдэд ил тод, нээлттэй байдлаар мэдээллэсэн байна. Бид сайн жишиг босон 2 аймгийн сайтын мэдээллийг танилцуулж байна. Мөн бусад аймгийн мэдээллийг графикаар нэгтэсэн юм.

 
  1. Сэлэнгэ аймгийн Ковид-19 төсвийн мэдээллийн ил тод байдлын сайн жишиг
 
 
 

Эх сурвалж: http://selenge.gov.mn/beta/shilen_da

  1. Дорноговь аймгийн Ковид-19 төсвийн зарцуулалтын мэдээллийн ил тод байдлын сайн жишиг
 
 

Эх сурвалж : 1630396938575_5539a223b09566b02899e36dbb5e0dc8.xlsx (live.com)Дорноговь аймаг :: Коронавируст халдварын зарцуулалт (dornogovi.gov.mn)

Түүх ийнхүү өрнөв:

Шийдэл

Тиймээс бидний гол зорилго бол иргэн бүрт Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны байгууллага болгон ил тод байна мөн  Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “мэдэх эрхтэй” гэж заасан бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь заалтад “мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэх зэрэг хуулиудыг мөрдлөг болгон ашиглаж иргэн бүрт Ковид-19 төсвийн ил тод байдал, хүртээмжийн  талаар шаардлагатай мэдээ мэдээллийг эх сурвалжтайгаар хүргэх хэрэгцээтэй байна.        

Мөн орон нутаг болон Нийслэлийн 9 дүүрэгт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.1 зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана гэж заасныг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгаа бөгөөд хэрэгжилт ямар шаттай байгаа хаана хэн хяналтыг тавьж байгаа тодорхой бус төөрөгдөл үүссэн хэвээр байна.

Өнөөдрийн байдлаар иргэд ковид-19 тусаад Гэрээр эмчилсэн тохиолдолд багцыг дутуу болон аваагүй иргэд хаана хэнд мэдэгдэх, мөн тухайн тохиолдолд хэн нэгэн иргэн хүний өмнөөс авсан эсэхийг хяналт тавьж байгааг тодорхой мэдээлэл байхгүй байна. Тиймээс иргэн өөрийн регистрийн дугаарыг ашиглан Гэрэгэ систем, Эсвэл E-Mongolia-гоос тухайн иргэн ковид туссан тохиолдолд  багцаа авсан эсэхийг харуулдаг байхаар системийг зохицуулалтыг хийх боломжтой байна. Ковид-19 төсвийн хяналтыг илүү сайжруулах зорилгоор мэдээллүүдийг ил тод хэн бүхэн харахад ойлгомжтой байлгахаар хийх нь төр засгийн үүрэг болоод байна. 

Түүх ийнхүү төгсөв:

Коронавируст халдвар (Ковид-19) цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцээд хоёр жилийг ардаа үдлээ. Бид урьдчилан сэргийлэх, дархлаажуулах, эмчлэх арга барилд суралцсаар байна. Суралцах бүртээ алдаа, оноогоо дэнсэлж өдөр бүр үйл ажиллагаа, бодлого, шийдвэртээ шат ахиж дэвшиж байгаа гэдэгт иргэн хүний хувьд зөн совингоороо итгэдэг. Итгэл бол ил тод байдлаас үүдэлтэй билээ.

 


Хавсралт:

  1. Авлигын эсрэг хууль
  2. Гамшгаас хамгаалах тухай хууль
  3. Төсвийн тухай
  4. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
  5. Шилэн дансны тухай
  6. КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
  7. Монгол улсын үндсэн хууль