Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

АУДИТ: “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлэхээр төсөвлөсөн нь эх үүсвэрийн эрсдэлтэй

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2022 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Төсвийн төсөлд нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 18.16 их наяд төгрөг байхаар төсөвлөснөөс 8.1% буюу 1.46 их наяд төгрөгийг “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрт тусгасан ба санхүүжилтийг Ирээдүйн өв сангаас төсөвлөсөн нь эх үүсвэр хүрэлцэхгүй байх эрсдэлтэй хэмээн Үндэсний аудитын газраас 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын тайланд дурджээ. 

Засгийн газраас цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, 100,000 төгрөг болгосныг ирэх оны төсөвт бууруулахгүй байхаар шийдсэн. Гэхдээ “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж, үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр олгох юм.

Харин 2023 онд хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу хүүхдийн нэрийн дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн 40 хувийг, 2024 оноос хойш 30 хувийг тус тус олгохоор хуулийн төсөлд тусгасныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Энэ нь хуримтлалын ач холбогдлыг хүүхдүүдэд ойлгуулахаас гадна үр дүнтэй болно гэж үзэж буй.

Учир нь, одоогоор олгож байгаа хүүхдийн мөнгөний 60 хувийг эцэг, эхчүүд шууд авч ашиглаж байгаа бөгөөд түүнийх нь 30% зохисгүй хэрэглээ буюу архи, тамхи зэрэг худалдан авалтад зарцуулагдаж байгаа судалгааг Сангийн яам, ХНХЯ гаргаснаа танилцуулсан.

Ирэх оны төсвийг нэлээд өөдрөгөөр харж боловсруулаад байгаа ба цар тахлын халдвар буурч, нүүрсний экспорт өснө гэсэн таамаглал дээр үндэслэн эдийн засгийн өсөлтийг тооцоолжээ.

Тухайлбал, АМНАТ-ын орлогоос 2 их наяд төгрөг олохоор төлөвлөсний 37% буюу 799 тэрбум төгрөгийг 36.7 сая тонн нүүрс экспортолж олохоор тусгаад буй. Тэгвэл нүүрсний үнэ ирэх онд бусад түүхий эдээс илүү буурах төлөвтэй байгааг аудитын тайланд онцолсон байна.

“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлнэ гэдгийг дээр дурдсан. Ингэхдээ АМНАТ-ын орлогоос 1,057.2 тэрбум буюу нэг их наяд төгрөг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ТӨК-уудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоос 404.5 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцож, төсөвлөөд байгаа.

Тиймээс энэхүү санхүүжилт эх үүсвэр хүрэлцэхгүй байх эрсдэлд орж болзошгүй хэмээн үзжээ.