Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ёндон: Хөх хотоос 2,500 орчим тонн түлш өнгөрсөн шөнө Замын-Үүдэд ирсэн. Шилжүүлэн ачигдаж байгаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа. 

Тэрбээр "Байгалийн баялгийг иргэн бүрд хэрхэн хүрэх арга замын талаар салбарын бодлого боловсруулсан. Ингэхийн тулд одоо үйлчилж буй нэг хууль дээр нэмээд шинээр гурван хууль өргөн барих шаардлагатай.

Хайгуул олборлолтын ажил Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтаар явдаг. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Боловсруулалтын шатанд Хүнд үйлдвэрийн тухай хууль, мөн борлуулалтын үе шатанд Эрдэс баялгийн биржийн тухай, хуваарилалтын үе шатанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулалт хийнэ.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Хүнд үйлдвэрийн тухай хуулийг хэлэлцүүлсэн. УИХ-д өргөн барина. Түүнээс өмнө Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг хэлэлцүүлсэн. Харин өнөөдөр тус хуулийн явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 3.7.5 гэсэн заалтад эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоод зах зээл дээр нээлттэй, оновчтой, өндөр үнэ ханштай, зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслээр борлуулах, шударгаар үнэ тогтоох талаар тусгасан байдаг.

Эрдэс баялгийн биржийн хуультай болсноор уул уурхайн бүтээгдэхүүний үнийг үнэ дэлхий зах зээлийн үнэтэй нийцүүлэн ойртуулж, ил тод нээлттэйгээр зарах нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлэхийг хүсэж байна. 

БНХАУ хилээ хаасан ч төмөр замын тээвэр хэвийн явагдаж байгаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Хөх хотын өртөөнөөс 50 вагон буюу ойролцоогоор 2,500 орчим тонн түлш өнгөрсөн шөнө Замын-Үүдэд ирсэн. Тус боомтын шингэн түлш шилжүүлэн ачуулах байгууламж дээр ачигдаж байгаа.

Экспорт муу явж байгаагаас шалтгаалан уурхайн нөхцөл байдал хүнд байна. Уурхайн аман дээр байдаг нүүрсүүд дүүрсэн. Ийм учраас нүүрсээ буулгах талбайгүйн улмаас уурхайнуудын үйл үйл ажиллагаа доголдож эхэлсэн. 

Өчигдөр гэхэд 409 машин Гашуунсухайтаар хил гарсан. Чингэлэг тээврийн терминалын асуудлаар БНХАУ-ын талтай ярилцсан. Чингэлэг тээвийн терминалыг эхний ээлжид Монгол жолооч нараар явуулах асуудал БНХАУ-ын талд яригдаж эхэлж байгаа. 

Цогтцэций, Чойрт ойрын хугацаанд нүүрс тээвэрлэлтийг эхлүүлнэ. Тодорхой хугацаатайгаар эхлүүлнэ гэсэн асуудлыг ярилцсан" гэв.