Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шарын голоос Сөүлийн их сургуульд хүрэх зам

ikon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэхүү нийтлэлээрээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас Дэлхийн топ Сөүлийн их сургуульд тэнцсэн А.Сансармаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр энэ жил сумынхаа ахлах сургуулийг төгссөн бөгөөд одоо Сөүлийн их сургуульд хэлний бэлтгэлдээ суралцаж байгаа. Цаашдаа хувцас дизайнерын чиглэлээр мэргэшиж, Дэлхийн томоохон брендэд ажиллах нууцхан мөрөөдөлтэй гэдгээ хэлсэн юм.

Бага нас, гэр бүл

Би Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрж өссөн. Ээж, аав, эмээтэйгээ амьдардаг. Намайг бага байхад манай гэр бүл PC ажиллуулдаг байлаа. Эгч маань намайг мартаж компьютер тоглоод би процессор дээр нь л өссөн гэхэд болно. Аав маань PC ажиллуулахын хажуугаар Улаанбаатар хотоос CD оруулж ирж зардаг, зураг дардаг, Youtube үзэж камер, принтер засдаг хүн байсан. Одоо ч хүртэл Шарын гол сумын ганц зурагчин гэдгээрээ алдартай. Харин би аавын компьютер дээр суулгасан Lady Gaga, Rhianna, P!nk-ийн клипийг үзэж тэд нар шиг болох мөрөөдөлтэй, дагаж дуурайдаг хүүхэд болсон.

Миний хувьд багадаа их тарган хүүхэд байсан болохоор ээж маань шууд бүжгийн дугуйланд явуулсан. Түүнээс хойш бүжигт сонирхолтой болж улмаар хувцас дизайн гээд уран сэтгэмж шаардсан зүйлд санаа сэтгэлээ зориулж эхэлсэн дээ. Ингээд багаасаа үзэж өссөн Дэлхийн одууд шиг өөрийнхөөрөө, дуртай зүйлсээ хийж өссөн дөө.

ЕБС ба гадаадад сурах мөрөөдөл

Би ЕБС-д байхдаа хэлний хичээлүүд дээрээ сонирхолтой байсан. Дэлхийн томоохон одуудын кино, клипийг их үздэг учир шинэ хэл сурах дуртай, үргэлж надад хэрэгтэй зүйлсийг эрж хайна. Гэхдээ гадаадад сурах гэдэг бодол ерөөсөө орж ирдэггүй байлаа. Бүр түүний талаар төсөөлөөчгүй 11-р анги хүртлээ явсан. Ер нь миний бодлоор дан ганц улсын сургуулийн боловсролоор хэл сурч, гадаадад мэргэжил эзэмшинэ гэдэг боломжгүй. Тэнд зөвхөн ЭЕШ л яригддаг. Хүүхдүүдийг багаас нь эхлээд хайрцагладаг байх. Гэхдээ энэ бүх зүйл удахгүй засагдах болно гэдэгт итгэлтэй байна.

 

Миний хувьд азаар найзуудаасаа гадаадад сурах боломжтой гэдэг мэдээллийг авч байсан. Харин ямар улсад, яаж суралцана гэдгээ сонгоогүй бас мэдээгүй явж байлаа. Гэхдээ тухайн үед яг TomYo нээлтээ хийж байсан болохоор өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэдгээр залуустай нэгдэж, хичээж эхэлсэн. Анхандаа АНУ-ыг сонирхож байсан ч Солонгосын Сөүлийн их сургуульд суралцдаг Анударь гэх эгчтэй ярилцаад тус улсад сурах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд Солонгос хэлээ эрчимтэй бэлдэж, сургалтын төвүүдийн олон цагийн хичээлийг утсаараа үзэж эхэлсэн дээ. Хамгийн чухал нь бүх нөөц нь байхад хувь хүн өөрөө л хичээх хэрэгтэй.

Дараагийн надад олдсон боломж нь гадаадад сурахтай холбоотой мэдээ мэдээллийг Дархан-Уул аймагтаа түгээх явдал байсан юм. Би “Эрдмийн элч” гэх хөтөлбөрт хамрагдаж, олон үе тэнгийн залуустаа томоохон боломж байдаг гэдгийг ойлгуулж чадсан. “Гадаадад сурах гарц” хэмээх гайхалтай арга хэмжээг аймагтаа зохиож 1500 гаруй хүүхдэд хүрсэн. Энэ бүхэн эцэстээ бид өөрсдөө мэдээлэлтэй болсон ч бусдадаа түгээдэг байх хэрэгтэй гэсэн зорилготой маань уялдана. Түүнээс гадна дараагийн маань боломжийг нээж өгөхөд эдгээр сайн дурын ажлууд маань чухал нөлөөтэй байлаа. Ингэж л богинохон хугацаанд амьдралдаа том зорилгыг тавиад одоо мөрөөдлийн сургуульдаа ирсэн сууж байна даа.

Цаашдын зорилго

Одоо хэлний бэлтгэлээ дуусгаад хувцас дизайнераар суралцах болно. Бас миний нууцхан мөрөөдөл маань Дэлхийн томоохон брендэд ажиллаж үзэх явдал юм. Ямартай ч хичээлдээ 100 хувь анхаараад явна. Түүнийхээ дараа амжилттай их сургуулиа төгсөөд Монголдоо ирж, олон залууст өөрийнхөө боломжийг нээж өгье гэж бодож байна даа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.