Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

2024 онд сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сурах бичгийн агуулга, хөтөлбөр хоорондын агуулга уялдаа муутай, логик алдаатай, холбоос муу байна гэдэг дүгнэлтийг боловсролын салбарын төлөөллүүд гаргажээ. 

Тодруулбал, сурах бичгийн бодлого боловсруулдаг Боловсролын хүрээлэн, үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд нар болон сурах бичиг зохиогчид хамтраад таван сарын хугацаанд 35 судлагдахууны 174 сурах бичигт шинжилгээ хийсэн байна.

Энэ судалгаагаар хүүхдэд мэдлэг олгох сурах бичиг түлхүү хийдэг гэдэг дүгнэлт гаргажээ. Гэвч олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх ур чадварыг хүүхдэд суулгадаг сурах бичиг хангалттай бус байна. Мөн сурах бичгийн агуулга, хөтөлбөр хоорондын агуулга уялдаа муутай, логик алдаатай, холбоос муу байна гэдэг дүгнэлт гаргасан байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Сурах бичиг Монгол хүүхдийн бие бялдар, нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх зүйлүүд ч байна.

Тиймээс цаашид дээрх алдаануудыг засаж, сурах бичгийг сайжруулна. Гэхдээ одоо хэрэгжиж буй хөтөлбөр дуустал шинэ сурах бичиг хийхгүй.

2024 онд одоогийн хөтөлбөр дуусаж, шинэ хөтөлбөр зарлагдана. Шинэ хөтөлбөртэй сурах бичгийг уялдуулна. Сайд өөрчлөгдөх болгонд хөтөлбөр, сурах бичиг өөрчлөгддөг тогтолцооноос салах цаг болсон" гэлээ.