Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн засгийн газар коронавирусийн “Delta Plus” дэд хувилбарыг судалж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Их Британийн хүн амын дунд түгээмэл тархах болсон коронавирусийн Дельта хувилбарын шинэ дэд хувилбарыг анхааралтай судалж эхэлснээ тус улсын засгийн газар өчигдөр мэдэгджээ.

Энэ нь “Delta Plus” буюу AY.4.2 нэртэй дэд хувилбар юм. Одоогоор шинэ дэд хувилбарыг илүү амархан халдварладаг гэх нотолгоо байхгүй ч анхааралдаа аван судалж эхэлснийг ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Хэрвээ халдвар тархалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа нь батлагдвал хариу арга хэмжээ авах тухай бас мэдээлсэн юм.

Хэдийгээр Их Британид вакцинжуулалтын хувь өндөр байгаа ч сүүлийн саруудад халдвар тархалт эрчимтэй нэмэгдэж байна.

Даваа гарагт тус улс даяар коронавирусийн халдварын 49,156 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь энэ оны долдугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

Оношлогдсоноосоо хойш 28 хоногийн дотор 223 хүн нас барсныг тус улсын эрх баригчид өчигдөр мэдээлсэн юм. Энэ нь гуравдугаар сарын 9-ний өдрөөс хойш ижил хугацаанд хамгийн олон хүн нас барсан тохиолдол болжээ.

Их Британийн засгийн газар долдугаар сард хорио цээрийн бүх дэглэмээ цуцалсан. Анагаах ухааны зарим мэргэжилтнүүд дотоод орчинд амны хаалт зүүх зэрэг зарим хариу арга хэмжээг буцааж сэргээх шаардлагатай гэж үзэж байна.

Дельта хувилбарын AY.4.2 дэд хувилбар нь одоогоор Их Британиас гадна маш ховор илэрч байгаа.

Сүүлийн байдлаар АНУ-д уг дэд хувилбарын гурван тохиолдол л бүртгэгджээ.

 

Эх сурвалж: AFP