Төрийн өмчийн ерөнхий боловсролын зарим сургуульд хүүхдээ суралцуулахын тулд эцэг эхчүүд авлига өгдөх нь нууц биш болсон. Санхүүгийн боломжтой хүмүүс эрэлт ихтэй сургуульд хүүхдээ сургаж, боломжгүй нь харьяаллын сургуульд явуулж байгаа нь боловсролын тэгш бус байдлын бий болгоход нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг юм. Энэ асуудалд салбарын яам ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “23, 18 зэрэг нэр бүхий найман сургуульд авлига өгч хүүхдээ оруулж байна гэдэг шүүмжлэл байдаг.
Бид өнгөрсөн жилээс аль болох цахим бүртгэл явуулж, хамран сургах тойргийн дагуу элсэлт авахыг зорьж байгаа. Гэвч ачаалал өндөр байдаг найман сургуульд харьяаллын бус 40,000 орчим хүүхэд суралцаж байна.
Харин төрийн өмчит Кэмбрижийн сургалттай гурван сургуульд хүүхэд элсүүлэхэд ямар ч арын хаалгагүй болсон. Элсэлтийг тухайн сургууль хариуцахгүй. Боловсролын үнэлгээний төв сурагчдын шалгалтын материалыг машинаар уншуулдаг болсон. Ирэх жилээс дээр дурдсан найман сургуулийн элсэлтийг Боловсролын үнэлгээний төвөөр авахуулдаг болно” гэв.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Улсын хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 38 сургууль байна. Үүнээс онцгой ачаалалтай 10 гаруй сургууль бий. Энэ сургуулиудын ачаалал нь хотын төвд байрлалтай, төрөлжсөн сургалт зэрэгтэй холбоотой байдаг. Эдгээр сургууль дээр хамран сургах тойргийн хүүхдийн эзлэх хувь өндөр. Энэ асуудлыг шийдэхийн тулд энэ жилээс нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар явуулсан.
Сургуулийн бүртгэлтэй холбоотой маш их зөрчил, маргаан гардаг байсан. Тухайлбал, иргэд тухайн сургуульд хүүхдээ оруулахын тулд шилжилт хөдөлгөөн богино хугацаанд, хуурамч бүртгэл хийлгэсэн гэдэг хэл ам маш их гарсан. Тэр байтугай тухайн хамран сургах тойрогт байгаа гэр бүл, эцэг эхчүүд хуйвалдаж, энэ чиглэлээр бизнес хийдэг бүлэглэл бий болгосон байна. Шинээр гэрлэлт бүртгүүлж, хамтарч зээл авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрээ хүн нэмж бүртгүүлдэг. Үүнээс болж сургуулийн элсэлтийн үйл ажиллагаанд доголдол үүсэж байгаа учраас боловсролын салбарын мэдээллийн системийг улсын бүртгэлийн системтэй холбож цахим бүртгэл явуулсан.
Эцэг эхчүүдээс авлига авч, хүүхдийг нь сургуульд элсүүлж байгаа үйлдлийг тодорхой баримттай гаргаад ирвэл бид зохих байгууллагатай хамтарч арга хэмжээ авахад бэлэн байна" гэлээ.