Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хайтийн дээрэмчид Америк, Канадын барьцааны иргэдийг $17 саяар суллах санал тавьжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Америк, Канадын шашны байгууллагын 17 хүн Карибын тэнгисийн Хайти арал улсад зорчиж яваад барьцаалагдсан юм.

Нийслэл Порт О Прэнс хотын зүүн захад орших өнчин хүүхдийн асрах газарт зочлоод буцаж явсан АНУ-ын 16, Канадын нэг иргэнийг “400 Mawozo” нэртэй дээрэмчдийн бүлэг барьцаалсан нь сүүлд тодорхой болсон байна.

Дээрэмчид барьцааны хүн тус бүрийг $1 саяар үнэлж, нийт $17 саяыг нэхсэн тухай Хайтийн хууль зүйн сайд өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын Охайо мужид үйл ажиллагаа явуулдаг Christian Aid Ministries шашны байгууллагын мэдээлснээр барьцааны хүмүүсийн тав нь эрэгтэй, долоо нь эмэгтэй, үлдсэн тав нь хүүхдүүд байгаа гэнэ.

Хүүхдүүдийн хамгийн бага нь 8 сартай бол бусад нь 3, 6, 13, 15 настай болохыг бас мэдээлжээ.

Барьцаалагсдын насанд хүрэгчид нь 18-48 насны хүмүүс байгаа аж.

Хайтийн цагдаагийн албаны хэлэлцээрийн мэргэжилтнүүд дээрэмчидтэй ярилцаж байгаа бол АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны агентууд тэдэнтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.

Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Хайтид хүн барьцаалах гэмт хэрэг түгээмэл гардаг. Гэхдээ өнгөрсөн долдугаар сард тус улсын ерөнхийлөгч өргөөндөө байхдаа хөлсний алуурчдын гарт амь үрэгдсэнээр улс төрийн хямрал үүссэн нь хүн барьцаалах гэмт хэргийн тоог 300 хувиар нэмэгдүүлжээ.

Нэг үе автомашины хулгайгаар алдаршиж байсан “400 Mawozo” бүлэг одоо хүн барьцаалах гэмт хэрэг олноор үйлдэх болсон байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хурдтай хүчирхэгжсэн тус бүлэг одоо 150 орчим гишүүнтэй болжээ.

Энэ он гарсаар нийт 628 хүн барьцаалах гэмт хэрэг бүртгэгдсэний 29 нь гадаадын иргэдтэй холбоотой байсан гэнэ. “400 Mawozo” бүлэг орон нутгийн иргэдийг барьцаалахдаа ихэвчлэн $20,000 орчмыг нэхдэг тухай Хайтийн хууль зүйн яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN