Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын тэрбумтны Вашингтон дахь гэрт Холбооны Мөрдөх Товчоо тусгай ажиллагаа явуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Холбооны Мөрдөх Товчооны ажилтнууд Вашингтон хот дахь Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн амины орон сууцанд нэгжлэг явуулжээ.

Хөнгөн цагаан үйлдвэрлэлийн аварга компани Русалд эцэг компаниар (En+ Group) нь дамжуулж хувь эзэмшдэг Дерипаска нь Кремлийн эзэдтэй ойр харилцаатай гэгддэг.

Тэр бас 2016 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн ажиллагааг удирдаж байсан өмгөөлөгч Пол Манафорттой ойр холбоотой хүн юм.

АНУ-ын засаг захиргаа 2016 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаанд оролцсон шалтгаанаар 2018 онд Дерипаскаг эдийн засгийн хоригоор шийтгэж байв.

Нэг үе Дерипаскагийн удирдлагад ажиллаж байсан Пол Манафорт 2018 онд татвараас зугтсан, банк луйвардсан хэргээр яллагдаж байжээ.

 
Олег Дерипаска

Сүүлд Вашингтоны засаг захиргаа Русал, En+ Group компаниудыг хоригоос чөлөөлсөн ч Дерипаскаг хоригт хэвээр үлдээсэн юм.

Холбооны Мөрдөх Товчоо шүүхээс өгсөн зөвшөөрлийн дагуу Дерипаскагийн гэрт тусгай ажиллагаа явуулснаа мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Дерипаскагийн төлөөлөгчийн мэдээлснээр хууль хүчнийхэн өчигдөр Нью Йорк, Вашингтон дахь хоёр амины орон сууцанд нэгжих ажиллагаа явуулжээ. Гэхдээ эдгээр байрнууд нь Дерипаскагийн нэр дээр биш, гэр бүлийн бусад гишүүдийнх нь нэр дээр байдгийг баталсан байна.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор өчигдөр Москвагийн хөрөнгийн бирж дээр Русал компанийн хувьцааны ханш 6 орчим хувиар унасан юм.

Одоо 53 настай Дерипаска өөрт нь оноосон хоригийг цуцлуулахаар шүүхэд хандсаныг энэ оны зургаадугаар сард хэрэгсэхгүй болгож байв.

 

Эх сурвалж: Reuters