Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19-ийн таван тохиолдол нэмэгдэж, Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн хаажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод КОВИД-19-ийн таван тохиолдол бүртгэгдсэн тухай Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд ажилладаг хятад ажилтнаас Ковид-19-ийн эерэг тохиолдол илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарласан байна.

Аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас эхлэн нийт албан байгууллагын үйл ажиллагааг зогсоон Эрээн хотын нийт иргэдийг эхний удаагийн PCR шинжилгээнд хамруулжээ.

Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, хүнсний дэлгүүрүүд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас эхлэн бүгд хаагдаж, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгасан байна.

Аравдугаар сарын 19-ны өдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод Ковид-19-ийн таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 19-ний 00:00 цагаас эхлэн хотын хөдөлгөөнийг бүрэн хааж /хүнсний дэлгүүр, эмийн сангууд багтсан/ дэглэмийг чангатган иргэдийн хөдөлгөөнд дрон болон камераар хяналт тавьж эхэлжээ.

Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай, Эрээн хот руу чиглэсэн төмөр замын зорчигч тээвэр зогссон байна.

Одоогоор Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон, төмөр замын ачаа тээвэр явагдаж байна, хөл хорионы дэглэмээс шалтгаалан Эрээн өртөөнөөс ачилт хийгдэхгүй байна.

Хятадын хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр энэ удаагийн халдварыг “дотоодын халдвар” хэмээн нэрлэжээ.

Эрээн хотод эрсдэлийн бүсээс хамаарч 2, 3 удаагийн PCR шинжилгээг хэсэгчлэн авах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.

10 дугаар сарын 18-ны өдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилсан сэргийлэх хянах ажлын шуурхай штабаас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 70 дугаар мэдэгдлийг гаргажээ.

Өвчний тархац, нөхцөл байдалдтай холбогдуулан ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн бусад хошуудад бэлэн байдлыг нэмэгдүүлж дараах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

  • Цар тахлын голомттой бүс нутаг болох Эрээн хот, Альшаа аймаг Эзнээ хошуу зэрэг газруудаас 2021 оны 10 дугаар сарын 1-нээс хойш ирсэн иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, гэрт нь 7 хоног тусгаарлах
  • Олон нийтийн үйлчилгээний газруудад иргэдийг нэвтрүүлэхдээ биеийн халууныг тогтмол хэмжих зэргээр цар тахлын дэглэмийг чанд мөрдүүлөх
  • Эмнэлгийн үйлчилгээний чадамжийг сайжруулж цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар тархах эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах
  • Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн халдвараас урьчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, бүтээгдэхүүнээс тогтмол PCR шинжилгээ авах
  • Вакцинжуулалтад 18-аас дээш иргэдийг түүнчлэн, малчдыг хамруулах ажлыг эрчимжүүлж, цар тахлын үеийн дэглэм, урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх, цар тахлыг дэглэмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна.

БНХАУ-ын зарим бүс нутагт цар тахлын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг анхааралдаа авч тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хороо, Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын товчооноос ӨМӨЗО, Нинься, Ганьсу, Шаньси мужуудад 2021 оны 10 дугаар сарын 18-нд ажлын хэсэг илгээж орон нутгийн удирдлагуудад цар тахалтай тэмцэх мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж эхэлжээ.