Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэмбилэг: Эрүүл мэндийн байгууллагын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг үндэслэн гүйцэтгэлээр урамшуулал олгож байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн тайлан сонслоо. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

 ЭМД-д мөнгө төлж байгаагийн үр шимийг хэзээ хүртэх вэ?

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд харилцаа хандлагаа хэзээ өөрчлөх вэ? Үүнийг өөрчлөхөд ямар ч мөнгө хэрэггүй. Хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа бол тангарагтаа үнэнч байх хэрэгтэй. Заавал танил харахгүйгээр эмнэлгийн үйлчилгээг авдаг, өвчтөнтэй хүндэтгэлтэй харьцаж, тэднийг хайрладаг байх харилцаа хандлагын асуудал дээр юу хийдэг вэ?

Эмнэлгийн үйлчилгээ иргэдэд чирэгдэлгүй очдог байх тал дээр дутагдалтай зүйл их байна. Ганцхан жишээ хэлье. С вирус тоолуулаад даатгалын сангаасаа мөнгөө авдаг хуультай. Үүнийг авахын тулд маш олон газар руу хувийн мэдээллээ өгч байж, сүүлдээ цөхрөөд болих хүртлээ тэвчиж байж эрүүл мэндийн даатгалаас мөнгө авч байна. Ямар ч иргэн ороод авч болохоор төрийн үйлчилгээгээ сайжруулж болдоггүй юм уу?

Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж буй өвчтөний нууц гэж бий. Хоёрдугаар эмнэлэгт гэхэд таны өтгөн гараагүй байна гээд олон хүний дунд зарладаг. Хүний хувийн орон зайг хүндэтгэх үйлчилгээ яагаад манай улсын эмнэлгүүдэд хэрэгжиж болдоггүй юм бэ? Энэ тал дээр салбар юу хийж байна вэ.

Эрүүл мэндийн даатгалаа төлөөд эмнэлэгт хэвтэхээр гаднаас дандаа эм тариа авчруулдаг. Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлж байгаагийн үр шимийг хэзээ бид хүртэх вэ?" хэмээн асуув. 

УИХ-ын гишүүн Д.Батлут "Эрүүл мэндийн салбарт засаглалын хямрал үүсээд байна. Засаглалыг сайжруулахын тулд тодорхой саналуудыг бид боловсруулсан.

Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлүүдийг яаралтай байгуулах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин урамшууллыг гүйцэтгэлээр санхүүжиж байгаа энэ үед нэмэгдүүлэх, иргэдэд хүртээмжтэй үйлчлэх боломжийг бий болгох шаардлагатай. Энэ зүйлүүдийг хийж чадвал иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ бий болж, хариуцлагын тогтолцоо тогтоно гэж үзэж байна" гэдгийг хэлэв. 

Бүх эрүүл мэндийн байгууллагуудад хяналтын баг ажиллаж байгаа

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Бид бүхэн анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиудын төгсөлтийн өмнөх төлөвлөгөөнд харилцаа хандлагын талаарх хичээлүүд багтсан байдаг. Эрүүл мэндийн салбарт эерэг хандлага эмчилгээний эхлэл гэх мэт аянуудыг зохион байгуулж, шалгарсан тасаг нэгжийг тухайн улирлын ур чадварын нэмэгдлээр шагнаж урамшуулсан.

Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу орж байгаа. Тухайн байгууллагын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан уу гэдгээс үндэслэн гүйцэтгэлээр урамшуулал олгож байна. Энэхүү тогтолцоо эрүүл мэндийн салбарын ажилчид цаашид харилцаа хандлагын алдаа, ёс зүйн зөрчил гаргахгүй байх тал дээрх ажил гэж ойлгож болно.

Үйлчлүүлэгч нар эмнэлэгт хэвтэхдээ эм, тариа худалдаж авсан тохиолдолд тухайн гарсан зардлыг буцааж олгох хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ тал дээр анхаарч ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт үүрэг болгосон. Мөн иргэдээс энэ талаар мэдээлэл авч, бүх эрүүл мэндийн байгууллагуудад хяналтын баг ажиллаж, давхар хяналт тавьж байгаа" гэсэн юм. 

Иргэн өөрөө эм, тарианы мөнгийг гаргавал эмнэлгийн захиргаанд хандаад эргүүлэн авах ёстой

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.1.5 дээр үйлчлүүлэгчийн эрхийг зааж өсгөн байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах талаарх зохицуулалт юм.

Мөн тус хуулийн 13.8 дээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг бий. Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлүүлэхэд  өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдол зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгоно гэж заасан.

Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэх үед тухайн эм, тариа эмнэлэгт байхгүй тохиолдолд иргэн өөрөө тус мөнгийг гаргавал эмнэлгийн захиргаанд хандаад эм тарианыхаа мөнгийг зах зээлийн жишиг үнээр авах ёстой. Иргэдээс гомдол ирдэг. Тухайн эмнэлгийн байгууллагад албан шаардлага хүргүүлээд одоогоор 11.3 сая төгрөгийг буцаан олгуулаад байгаа" гэлээ.