Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярчулуун: Монголд гэртээ суунгаа АНУ-ын зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байгаадаа итгэж өгөхгүй байсан

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд гадаад улсыг зорин өвчний оношоо баталгаажуулах хүсэлтэй хүмүүс хүссэн үедээ явах боломж хомстсон. 

Ийм нөхцөл байдалтай нүүр тулсан ч цаг алдалгүй асуудлаа шийдвэрлэн, Монголд суунгаа АНУ-ын Сан Франциско хотод төвтэй Mederva Health-ийн Зүрх судасны нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо баталгаажуулан эмчилгээ зөвлөгөө авсан нэгэн эмэгтэйтэй ярилцлаа. 

Mederva Health нь хөгжиж буй орнуудын иргэдэд АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нараас өөрт тулгарч буй эрүүл мэндийн асуудалдаа дүгнэлт, баталгаажуулах онош, эмчилгээний зааварчилгаа авах үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага юм.

- Сайн байна уу. Өөрт тохиолдсон түүхээсээ хуваалцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Уншигчдад маань юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? 

- Юуны өмнө өөрийнхөө туршлагаас хуваалцах боломж олгосон танай сайтын хамт олонд баярлалаа. Намайг Д.Баярчулуун гэдэг. Гурван сарын өмнө буюу өнгөрсөн долдугаар сарын эхээр зүрхээр маань хатгуулж өвдөөд нарийн мэргэжлийн эмч нарт хандаж үзүүлэх хэрэгтэй болсон. Зүрхний асуудал нь ямар ч үед ноцтой учраас яаралтай үзүүлэх хэрэгтэй гэж боддог хүн л дээ. Тэгээд Монголынхоо сайн гэсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд надад "зүрхний хэм алдагдал" гэх онош тавьсан. 

- Монголд байсан мөртлөө хэрхэн АНУ-ын эмчид үзүүлсэн түүхээсээ товч хуваалцахгүй юу. Хүмүүс үүнийг их сонирхож байгаа байх? 

- Ямар ч өвчтэй хүн оношоо баталгаатай болгохыг хүссэн сэтгэл цаанаасаа байдаг юм билээ. Магадгүй над шиг манайхаас илүү өндөр хөгжилтэй орны нарийн мэргэжлийн эмчид хандчих юмсан. Оношоо баталгаажуулаад, эмчилгээгээ хийлгэчих юмсан гэсэн сэтгэл тээсэн хүн олон байгаа байх. 

Монголынхоо эмч нараа оношоо мэдсэн би ямар нэгэн байдлаар дахиад баталгаажуулъя гэж бодох болсон. Энэ нь намайг үзсэн Монголын эмч нарт маань ч тустай гэж бодсон хэрэг. Нөгөө талд  өөртөө тохирсон эмчилгээгээ хийлгэхэд дэмтэй зүйл байсан юм. Тэгээд ердөө удаагүй долдугаар сардаа фэйсбүүк харж байтал "Mederva health" гэх эрүүл мэндийн байгууллагын тухай мэдээллийг олж харсан. Шууд сайт руу нь дамжиж ороод мэдээллийг нь нэг бүрчлэн уншиж танилцаад үзсэн чинь яг нөгөө миний хүсээд байгаа үйлчилгээг үзүүлэх газар байсан. Газар дээр нь утсаар нь холбогдоод асуухад надтай ярьсан хүү манайх АНУ-ын Сан Франциско хотод ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар гээд л сайхан тайлбарлаж өгсөн. Би тэр үед ямар ч эргэлзэх зүйлгүйгээр болж байна, эгчдээ америк эмчид үзүүлэхэд ямар материал бүрдүүлж, юу хэрэг болохыг хэлээд өгчих гээд асуулга бөглөөд явуулсан. 

Цар тахлаас болоод жил гаруйн хугацаанд хил хаалттай байлаа. Гадагшаа гарч үзүүлэх боломж хэцүү, гарсан ч эдийн засгийн асуудлаас эхлээд бэрхшээл их. Тэгсэн хэрнээ л гаднын нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж зөвлөгөө аваад оношоо батлуулах хүсэл их төрөөд байсан миний хүслийг хангах үйлчилгээ энэ байгууллагад байсан юм. Цагаа олсон үйлчилгээ гэж үүнийг л хэлдэг байх. 

- Яагаад АНУ-ын эмч нарыг сонгон үйлчлүүлсэн бэ? 

- Америк бол анагаахын салбарт дэлхийд тэргүүлж буй улсын нэг. Би анагаахын мэргэжилтэй биш ч хоббигоороо эрүүл мэндийн талаарх мэдээ мэдээллийг залуугаасаа уншиж, судалж, сонирхдог болохоор ингэж итгэлтэй хэлж байгаа юм. Анагаахын шинжлэх ухаан өнөөдөр асар хурдтай хөгжиж байна. Ийм орны зүрхний нарийн мэргэжлийн үзүүлж, онош, мэдээллийг явуулаад зөвлөгөө авна гэдэг том зүйл. 

Нэгэнт би өнөөдөр шууд Америк руу нисэж очоод зүрхний эмчийнх нь өрөөнд орж үзүүлээд суух боломжгүй. Над шиг олон мянган хүнд боломж олгож ийм үйлчилгээг нээсэнд талархаад баршгүй.

- Та дээр мэдээллийг нь харсан даруйдаа сайтаар нь орж асуулга бөглөсөн гэсэн. Ер нь үйлчилгээгээ хэрхэн авсан талаар хуваалцаж болох болов уу? 

- Маш хөнгөн шуурхай байж, зааварчилгаа сайн хэлж өгсөн учраас төөрөлдөх зүйл гараагүй. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан хүүтэй цаг тутамд утсаар яриад мэдэхгүй юм аа лавлаж, зааврын дагуу бүх материалаа илгээсэн. Миний тэр мэдээллийг баталгаат орчуулгатайгаар тус байгууллага нь цааш эмчид хүргэсэн. Төлбөрийн хувьд хүн бүрийнх харилцан адилгүй юм билээ. Миний авах үйлчилгээ 150 долларын хөлстэй байсныг төлсөн.

Бүх юм аа 2-3 хоногт бүрдүүлж явуулаад, хариугаа хүлээсэн. Хариу нь иртэл нэлээд хугацаа орох байх гээд бодож байтал хоёр хоногийн дараа л ирчихсэн. Эмч маань бүр өөрийн биеэр орчуулагчийн тусламжтай надтай цахимаар холбогдож, хариуг маань хэлсэн. Дуусаад мэйлээр эмчийн хэлсэн хариу нь бичгийн хэлбэрээр ирсэн. Нэг ёсондоо би Монголд гэртээ суунгаа Америкийн зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлчихсэн байгаа биз. Гайхалтай зүйл гэхээс өөр үг эгчид нь үнэндээ төрөхгүй байна. Магадгүй надтай адил олон хүн бий шүү дээ. Америк явах виз гаргуулах, очоод буудалд байрлах зардал, эмнэлгээ олоод эмчийн өрөөний хаалгаар орох тэр бүх үйл явцыг алгасаад шууд эмчтэйгээ ярилцаж суусандаа тухайн үед итгэж өгөхгүй л байсан. (инээв) 

 
Гэрэл зургийг MPA.mn

- Танд өгсөн дүгнэлт ямар санагдсан бэ. 150$ төлж авсан энэхүү үйлчилгээ таны хүлээлтэд нийцсэн үү?

- Үнэхээр сэтгэл хангалуун байсан. Үнэнийг хэлэхэд харин ч би төлбөрийг нь багадуулсан юм биш биз гэж бодсон. Энэ нь баяндаа ингэж бодсон юм биш ээ. Mederva Health-н Зүрх судасны нарийн мэргэжлийн Чинтан Патель эмчийн надтай яаж ажиллаж байгааг нь хараад ямар ч харамсал төрөөгүй. Миний авсан үйлчилгээ ийм хэмжээний сэтгэл хангалуун байдлыг өгсөн гэдгийг хэлж байгааг ойлгоорой. Нэгдүгээрт, би эдийн засгийн хувьд мөнгөө хэд дахин хэмнэсэн. Хоёрдугаарт, би 150 ам.долларыг өөрийнхөө төлөө зарцуулсан. 

- Та ямар дүгнэлт сонссон бэ. Америк эмчээс авсан эрүүл мэндийн дүгнэлтээ дотоодын эмч нартаа үзүүлсэн болов уу? 

- Монгол эмч нарын тавьсан оноштой таарсан. Америк эмч “Танай эмч нарын тавьсан оноштой минийх таарч байна” гэхийг сонсоод Монголынхоо эмч нараар бахархах сэтгэл төрснийг хэлэх нь зөв байх. Хамгийн их баярласан зүйл нь миний өвчний онош батлагдсан явдал байсан. Одоо би цаашид энэ өвчнийхөө төлөө явж, эмчилгээгээ хийлгэхэд сэтгэл хоёрдохгүй байх боломжийг өгсөн.

Д.Баярчулуун: Онош батлагдана гэдэг өвчтэй хүн болон эмчлэгч эмчийн хувьд маш чухал зүйл

Тэгээд баталгаажуулсан оношоо Интермед эмнэлгийн эмч, Гуравдугаар эмнэлгийн эмч нараар уншуулахад бүгдээрээ сэтгэл хангалуун байгаа нь царайнаас л илт мэдрэгдсэн. Нэг нь ч та надад итгэхгүй Америкийн эмчид үзүүлсэн юм уу гэж хүлээж аваагүй нь үнэхээр гайхалтай байсан. Эмч хүн гэж тийм л байдаг байх. 

- Сайн хэрэг болжээ. Америк эмч нь тэгээд эмчилгээ зөвлөсөн болов уу. Тэрийг нь та Монголдоо хэрэгжүүлээд явахад явахад амьдралд тань хэр дөхөм байгаа вэ?

- Анх асуулга бөглөж байхад миний зүгээс ямар асуултад хариулт авмаар байгааг мэдсэн юм шиг асуултуудыг тавьсан байсан. Асуусан бүх асуултдаа хариулт авч чадсан. Америкийн нарийн мэргэжлийн эмч надад үндсэндээ гурван зүйлийг зөвлөсөн. 

  1. Монгол эмч нарын чинь тавьсан "зүрхний хэм алдагдал" гэх онош батлагдсан гэсэн хариултыг өгсөн. 
  2. Надад нэг шинжилгээ дутуу байна гэж үзсэн. Тэр нь зүрхний хэмийг 50-60 байхад хийдэг зүрхний компьютерын шинжилгээ байсан. Энэ шинжилгээ надад яагаад дутуу байсныг товч тайлбарлая. Шинжилгээг хийлгэх гэтэл зүрхний хэм алдагдалтай болохоор эм уулган 10 хэм хүртэл буулгаж байгаад зүрхний компьютерт хардаг гэж зөвлөсөн. Би тэр үед шууд айсан. Би 10 хэм хүртэл буулгаж, шинжилгээнд орчхоод амьд гарч ирэх болов уу гээд, надад сэтгэлийн тэнхээ байгаагүй. Энэ нь маш эрсдэлтэй болохоор би шинжилгээнд орохгүй гэж шийдсэн юм. Үүнийгээ америк эмчид хэлсэн. Нэг хоногийн дараа хариу өгөхдөө “Би чамд 60-70 хувийн виз өгье. Зүрхний хэм нь 60-70 тай байхад шинжилгээндээ ороод тэр хэмжээнийхээ зургийг авхуулаад явуулчих (Америк эмч рүү). 60, 70-тай авсан ямар ч хэцүү зургийг бид энд тайлж уншина” гэсэн. Үүнийг сонсоод 70 хэмтэй ороход үхэхгүй гэсэн итгэл төрсөн. Магадгүй би америк эмчид үзүүлээгүй бол 10-тай орж чадахгүй гээд хэдэн жил шинжилгээнд орохгүй явахыг мэдэхгүй байна. 
  3. Хэрэв дээрх шинжилгээгээр судасчлалын асуудал илэрвэл судасчлалын эмчилгээ хийх ёстой. Тэр эмчилгээг хийсний дараагаар зүрхний хэм алдагдал хэвийн болно. Хэрэв судасчлалын асуудал үүсээгүй бол энэ нь биеэ даасан зүрхний хэм алдагдал болж таарна гэсэн. 

- Одоо ямар эмчилгээ хийж байгаа вэ? 

- Америк эмч надад Монголдоо олоод уух боломжтой эмийн эмчилгээг бичсэн байсан. Одоогийн байдлаар эгч нь Монголын эмнэлэгтээ хянуулаад хоёр сар эмийн эмчилгээгээ хийлгэж байгаа. Хараахан судасжилтынхаа шинжилгээнд ороогүй байгаа. Удахгүй орно. 

Тэр эмч надад сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай, аппарат зүүж магадгүй шүү гээд бүгдийг тодорхой хэлсэн болохоор би болзошгүй зүйл гээд судалсан. 

- Манай улсад тэр аппаратыг суулгадаг болсон юм билээ? 

- Гоё мэдээ нь өөрийн чинь хэлснээр манай улсад зүрхний хэм алдалтын аппаратыг (зүрхний агшилт дэмжигч төхөөрөмж) суулгадаг болсон юм билээ. Цагаа тулсан үед энэ ертөнц дээр амьд явахын тулд тэр аппаратыг зүүх байх. 

Зүрхний булчингийн агшилт алдагдсан буюу зүрхний архаг дутагдлын үед эмийн эмчилгээний зэрэгцээ зүрхний агшилт дэмжигч төхөөрөмжийг зүрхэнд нь суулгах мэс засал хийдэг. Энэ эмчилгээ нь зүрхний дутагдлын төгс эмчилгээ биш. Өдөр тутмын эмийн эмчилгээ маш чухал байдаг. Үүн дээр нэмээд дэмжих эмчилгээ болж байна гэсэн үг. Иймээс мэс заслын дараа эмэн эмчилгээ зайлшгүй үргэлжлэх шаардлагатай. Энэ эмчилгээ агшилт нь улам даамжран муудаж байгаа зүрхний үйл ажиллагааг дэмжиж, улам дордуулахгүй байлгахад зорьдог.

Гадаадад энэ аппаратыг зүүхэд 30-40 мянган доллар гэж үнэлдэг гэсэн. Манай улсад эрүүл мэндийн даатгалаар тавьж болдог юм байна лээ. Энэ нь бас миний сонссон дараагийн сайхан мэдээ. Би тулчихсан баян хүн биш. Хувиараа бизнес эрхлээд Монголын зах зээл дээр тэмцэж ажиллан улсдаа 26 жил татвар төлсөн хүн. Суулгах хэмжээнд хүрвэл татвар төлснийхөө үр шимийг хүртэх нь гэж бодоход сайхан санагдсан. 

Хүн амьдралыг туулж, тулгарч байгаа саад бэрхшээлийг ямар нэгэн аргаар давах л ёстой. 

- Ярилцлагын төгсгөлд таны зүгээс хэлэх зүйл байна уу? 

- Ард түмэн маань өөрийнхөө хэмжээнд эрүүл мэндийн мэдлэгтэй, мэдээлэлтэй байгаасай. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө сэтгэл зүтгэл гаргаж, чадвал урьдчилан сэргийлдэг байгаасай гэж хүсэх байна. Мөн өвчнийхөө оношийг баттай болгосон бол төгс эмчлүүлэх хэрэгтэй. Хувь хүн өөрөө судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Мөн та бүхэнд баярлалаа.

- Ярилцсанд баярлалаа. 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд танд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал тулгарч байгаа бол ЭНД ДАРЖ асуулга бөглөх боломжтой. Ингэснээр таны мэдээллийг Америкийн нарийн мэргэжлийн эмч нар руу илгээж, оношилгоо, эмчилгээ зайнаас зөвлөх боломжтой эсэхийг тодруулан эргэн холбогдох аж. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.