Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын анхны Африк гаралтай төрийн нарийн бичгийн дарга болсон Колин Пауэл коронавирусийн халдвараар нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын анхны Африк гаралтай төрийн нарийн бичгийн дарга болж байсан Ямайка цагаачийн хүү Колин Пауэл өчигдөр 84 насандаа Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ.

Тэрбээр вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байсныг гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден талийгаачийг “дайчин, дипломатч хоёрын төгс чанарыг нэг биед цогцлоосон хүн” гэж магтжээ.

Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Уоррен Буш нар мөн эмгэнэл илэрхийлцгээсэн байна.

Дөрвөн таван хошуутай генерал Колин Пауэл нь АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчийн засаг захиргаанд өндөр албан тушаал хашиж байжээ.

Гэхдээ тэр бас Иракийн дайныг эхлүүлсэн хүн хэмээн буруутгагддаг. 2003 оны хоёрдугаар сард тэр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд үг хэлэхдээ Ирак улсад бөөнөөр устгах зэвсэг байгааг нотолж байжээ. Гэвч энэ нотолгоо нь сүүлд худал болсон юм.

Залуудаа Баруун Германд цэргийн алба хааж байсан Пауэл сүүлд хоёр удаа Вьетнамд даалгавар гүйцэтгэж байжээ. Эхлээд 1962-1963 онд тэр ерөнхийлөгч Кеннедийн тушаалаар Вьетнамд цэргийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, дараа нь 1968-1969 онд Ми Лай тосгонд Америк цэргүүдийн үйлдсэн хядлагыг мөрдөн шалгахаар очиж байв.

Уг шалгалтын дүгнэлтэд Америк цэргүүдийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй нь Пауэлын нэр хүндэд бас сөргөөр нөлөөлж байжээ.

Дараа нь тэр ерөнхийлөгч Рональд Рейганы засаг захиргаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөх, “ахмад” Бушийн болон Билл Клинтоны үед зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байв.

1991 онд Кувейтийг Иракийн түрэмгийллээс чөлөөлөх Персийн булангийн дайны гол нүүр царай нь Америкчуудын хувьд Пауэл болж байжээ.

1993 онд армиас тэтгэвэртээ гараад байсан Пауэлыг 2000 онд “бага” Буш АНУ-ын 65 дахь төрийн нарийн бичгийн даргаар томилж байв.

2003 онд Иракийг эзлэх шийдвэр гаргасныхаа төлөө тэр насан туршдаа шүүмжлүүлж байжээ.

2020 оны долдугаар сард Нью Йорк Таймс сонинд ярихдаа тэр “Надад ямар ч сонголт байхгүйг би мэдэж байсан. Би яах ёстой байсан юм бэ? Тэр чинь ерөнхийлөгч шүү дээ” хэмээн Жорж Бушийг дайн эхлүүлэх гол шийдвэр гаргасан хүн хэмээн тайлбарлаж байв.

1962 онд гэргий Альматайгаа гэрлэсэн Колин Пауэл гурван хүүхдийн эцэг байжээ.

 

Эх сурвалж: AFP