Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг анх удаа харгалзсан 2022 оны мөнгөний бодлогын ДОЛООН ШИНЭЧЛЭЛ

Р.Оюун, iKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. 

Цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа ч 2022 оны хоёрдугаар хагаст харьцангуй тогтворжино гэсэн хүлээлт байгааг төв банкны удирдлагууд онцолж байна. 

Төрөөс мөнгөний талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг харвал уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтыг урьд урьдынхаас илүү тусгаж, тооцоолж авч үзжээ. 

Цар тахлын жилд буюу 2020 онд бага орлоготой 20 хувийн хүн амын хэрэглээ 15 хүртэл, бусад хүн амын хэрэглээ 10% хүртэл буурсан гэсэн тооцооллыг НҮБ гаргасан байна. 

Иймд цаашид тогтвортой өсөлтийг хангах, ингэхдээ уурс амьсгалын өөрчлөлтийг нөлөөлөл болон эрсдэлийг тооцоолж, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлийг бүх салбар, бодлогод баримтлахыг чухалчилсан байна. 

Энэ чиглэлээр дараах долоон шинэчлэлийг хийхээр тусгажээ. 

НЭГ. Эдийн засгийг эрчимжүүлэх 

Эдийн засгийн өсөлтийг ДНБ-ийг заах тоогоор хэмжих бус, хүртээмжтэй өсөлтийг дэмжиж нь чухал болохыг цар тахал харуулсан. Тэгвэл Монголд тэгш бус байдал ямар хэмжээнд байгааг Монголбанк судлан тодорхойлсноор

  • Орлогын тэгш бус байдал өндөр: Энэ үзүүлэлт бусад улстай харьцуулахад бага боловч хүн амын 20% нь нийт орлогын 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний орлого эзэлж байна. Ялангуяа, хүн амын өндөр орлоготой 10 хувь нь нийт орлогын 26%-тай тэнцэх хэмжээний орлогыг эзэмшиж байгаа нь орлогын тэгш бус байдал өндөр байгааг илтгэж байна. 
  • Ядуурлын түвшин өндөр: Ядуурлын түвшин 30 орчим хувь байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр ба буурах хандлага ажиглагдахгүй байна. Түүнчлэн эдийн засгийн шок бий болох, тухайлбал гэр бүлийн нэг гишүүн ажилгүй болоход ядуу гэсэн ангилал руу ороход ойрхон эмзэг бүлгийн хэмжээ хүн амын 15%-д байгаагаас гадна хот, хөдөөгийн амьжиргааны түвшин зөрүү ихтэй байгаа.
  • Эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайн биш: Бусад услтай харьцуулахад эрүүл мэндийн хүртээмж муу, бүсийн хувьд тэгш бус. Тухайлбал, 1,000 ам км талбайд ногдох эмч, сувилагчийн тоо хотод 1,228 ба 1,185 байгаа бол аймгийн төвүүдэд 193 ба 260, хөдөөд 2.7 ба 4 байгаа нь маш өндөр ялгаатай байгааг илтгэж байна. 
  • Боловсролын чанарын ялгаатай байдал нэмэгдэж буй асуудал: Чанартай боловсрол эзэмших ялгаатай байдал төр хувийн хэвшил, хөдөө болон хотын сургуульд өндөр байгаа ба энэ ялгаа жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, тэгш бус байдлын улмаас алдагдсан боломж баруун бүсэд 13.2% байгаа бол зүүн бүсэд 11.2 хувьтай байна
  • Санхүүгийн хүртээмж: Санхүүгийн салбарт банкны салбар давамгайлж, ЖДҮ-д санхүүжилтийн хүртээмж муу буюу дунд орлоготой бусад улсаас 3 дахин бага, урт хугацааны санхүүгийн хэрэгцээг хангаж чадахгүй байна.
  • Тогтвортой хөгжлийн асуудал: Эрс тэс уур амьсгал, дэлхийн дулаарал, хотжилттой холбоотой орчны бохирдлоос шалтгаалж хүрээлэн буй орчин доройтсоор байна. Энэ нь уул уурхай, ХАА-н салбарт эрсдэл үүсгэж байна. 

Тиймээс төв банк инфляцыг нам түвшинд байлгах хэрэгслээрээ дамжуулан иргэдийг бодит орлогыг хамгаалж, хүртээмжтэй өсөлтөд нөлөөлнө гэж үзжээ. 

ХОЁР. Уул уурхайн бус экспортыг дэмжинэ

Хязгаарлагдмал нөөцийг ашигладаг эрдэс бүтээгдэхүүний олборлолт, экспорт байгальд ээлгүй байдаг нь урт хугацаанд тогтвортой хөгжилд сөрөг нөлөөтэй хэмээн үзжээ. Уул уурхайн бус экспорт хангалтгүй байгаа.

Тиймээс төр, хувийн хэвшлийн хооронд албажуулсан тогтолцоо бий болгож, дэд бүтцийг дэмжих буюу санхүүжилт, даатгал, батлан даалтын тогтолцоо бий болгох зэрэг цогц бодлого явуулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Энэ чиглэлээр төв банк Засгийн газартай хамтран ажиллах нь.

ГУРАВ. ФАТФ-ын 2023 оны харилцан үнэлгээнд бэлтгэнэ

ФАТФ-аас Монгол Улсад тав дахь жилийн явцын үнэлгээг 2023 онд хийхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд манай улс бэлтгэж, 40 зөвлөмжөөс дараах гурван зөвлөмж дээр ахиц гаргах даалгавартай. Үүнд: 

  • Монгол Улсыг зохицуулалттай салбаруудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, урьдчилан сэргийлэх тоголцоог сайжруулах Зөвлөмж - 1-ийг дийлэнхийг биелүүлсэн болгож ахиулах
  • Ашгийн бус байгууллагын салбарын эрсдэлийн үнэлгээг хийх, хяналт шалгалт, зохицуулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх  чадавхыг бэхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах мөрдөн шалгах хамтын ажиллагааг сайжруулах 
  • Шинэ технологитой холбоотой шаардлагуудын хэрэгжилтийг хангаж, виртуал хөрөнгийн салбарын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, зохицуулалтын орчныг бий болгох  

гэсэн даалгаврыг биелүүлж, ахиц гаргах шаардлага байна.

ДӨРӨВ. 2023 он хүртэл ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Орон сууцны хөнгөлөлттэй зээл бүхий хөтөлбөрийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд буюу 2021 оны долдугаар сарын эцсийн байдлаар 98,600 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 9,276 өрхөд олгосон 679.5 тэрбум төгрөгийн зээл нь жилийн 6%-ийн хүүтэй байна. 

Энэхүү зээлийн эрэлт нэмэгдэж, 2021 оны эхний хагас жилд 1.2 орчим их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс шаардлага хангасан 469 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Банкууд дээр 5,800 иргэний 512.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хуримтлагдсан ба сар тутам 197 орчим тэрбум төгрөгийн хүсэлт шинээр ирж байна.

Гэвч цар тахалтай холбоотойгоор өмнөх зээлийн төлөлтийг хойшлуулснаар 3 орчим их наяд төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийн төлөлтийг хойшлуулснаар жилд эргэн төлөгддөг 300-400 тэрбум төгрөг орж ирэхгүй болжээ. 

ТАВ. Зээлийн хүүг бууруулах стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Эн хүрээнд гэрээний маргаан шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Банкны зээлийн хүүгийн бүтцийг харвал

  • 60% орчим буюу 9.8 нэгж хувь нь эх үүсвэрийн зардал
  • 17% буюу 2.8 нэгж хувь нь үйл ажиллагааны зардал
  • 11% буюу 1.8 нэгж хувь нь зээлийн эрсдэлийн зардал
  • 12% буюу 1.9 нэгж хувь нь банкны банкны ашиг болон зардал байна.

Зээлийн эрсдэл болон маргаан шийдвэрлэх хугацаа дор хаяж 4-5 цаашлаад 7-8 жил үргэлжилж байгаа нь барьцаа хөрөнгийн үнэлгээг 50% хүртэл бага байхад нөлөөлөхийн зэрэгцээ хүү өндөр байх нэг шалтгаан болж байгааг шийдэхээр төлөвлөжээ. 

ЗУРГАА. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судалж, тогтвортой санхүүжилтийн бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлнэ

Дэлхийн дундаж температурын өсөлт Монгол Улсад хоёр дахин илүү буюу дэлхийн дулаарал хоёр дахин эрчимтэй явагдаж байгаатай холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 10 жилд 1990 оны түвшнээс 2-3 дахин өсжээ. Энэ мэт сөрөг нөлөө нь эдийн засагт, тэр дундаа ХАА-н салбар, хүнсний үйлдвэрлэл болон иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж буй. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас тооцсоноор тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд 2030 он хүртэл жил бүр $6.3 их наядын хөрөнгө оруулалт шаардлагатай ба Парисын хэлэлцээрийн зорилгыг хангахын тулд үүнийг 6.9 их наядад хүргэх шаардлагатай гэжээ. Энэ төрлийн бондын хэмжээ 2020 онх өмнөх жилээсээ хоёр дахин өсөж 700 тэрбум долларт хүрчээ. 

Тиймээс төв банк тогтвортой хөгжлийн санхүүжилтийн стратеги, шалгуур боловсруулж, санхүүгийн салбарт нэвтрүүлэхээс гадна гадаад зах зээлээс эх үүсвэр босгох чиглэлээр ажиллахаар тусгажээ. 

ДОЛОО. ₮10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт, хяналтыг үргэлжлүүлнэ

Цар тахлын үед эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотек, ХАА-г дэмжих зэрэг зээлийн хүрээнд 3.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг хисэн байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлж, хяналт тавихаар төлөвлөжээ.