Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д Covid-19 өвчнөөр нэг хоногт нас барсан хүний тоо анх удаа 1,000-ыг давлаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ даяар 1,002 хүн Covid-19 өвчний улмаас нас барсан тухай тус улсын цар тахалтай тэмцэх төв Бямба гарагт мэдээлжээ.

Энэ нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг хоногийн дотор нас барсан хүний тоо анх удаа 1,000 давсан тохиолдол юм.

Цар тахал эхэлсэн цагаас хойш ОХУ даяар нийтдээ 222,000 орчим хүн коронавирусийн халдвараар нас барж, халдварын батлагдсан тохиолдол 8 саяд дөхөөд байна.

Батлагдсан халдварын тохиолдол сүүлийн хоногт 33,000-аар нэмэгджээ.

ОХУ нь өөрийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон дэлхийн анхны улс болж байв. Гэвч тус улсын хүн амын гуравны нэг орчим нь л вакцинжуулалтад хамрагдсан байна.

“Халдвар тархалт нэмэгдэж буй энэ үед ард иргэдэд вакцинжуулалтын ач холбогдлыг ойлгуулах нь нэн чухал байна. Вакцинаас татгалзах нь үнэхээр хариуцлагагүй явдал юм. Үүнээс болоод олон хүн амиа алдаж байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байжээ.

Covid-19 өвчнөөр өвдөөд эмчлүүлж буй хүний тоо яг одоо 750,000 орчим байгаа нь 2020 оны хоёрдугаар сараас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Оросын иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байгаа нь зарим талаар Спутник V вакцинд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвшөөрөл олгох үйл явц удааширсантай холбоотой гэж ажиглагчид дүгнэж байгаа.

ОХУ-ын зарим иргэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин тариулахын тулд Серби зэрэг улсыг зорьдог болсон нь үүнээс харагдаж байна. Олон төрлийн вакцины хангалттай нөөцтэй болсон Серби улсын аялал жуулчлалын компаниуд Оросын жуулчдад “вакцины багц аялал”-ын үйлчилгээ үзүүлэх болжээ.

 

Эх сурвалж: BBC