Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: КОВИД ба БИЗНЕС

ikon.mn
2021 оны 10 сарын 15
Сурталчилгаа

Засгийн газраас эдийн засаг ба бизнесийн үйл ажиллагааг сэргээхэд чиглэсэн хэд хэдэн дэмжлэгийг хэрэгжүүлсэн юм. МҮХАҮТ-аас өнгөрөгч улиралд эдгээр нь зорилтот иргэдэд хүртээмжтэй байж чадсан эсэх, цаашид тулгарч буй эрсдэлүүдийг хэрхэн шийдвэрлэх мөн шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор судалгааг явуулжээ.

 

Энэ судалгаанд нийт 1,349 бизнес эрхлэгчид оролцсон. Ингээд та бүхэнд судалгааны үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүдийг товч танилцуулж байна.

Үйл ажиллагаа доголдоход хүргэсэн шалтгааны тухайд

Бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа доголдоход хүрсэн хэд хэдэн шалтгаануудыг нэрлэлээ. Үүнд:

  • Бэлэн мөнгө болон эргэлтийн хөрөнгийн хомстол
  • Бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал
  • Тээвэр ложистик холбогдох удаашрал, тасалдал

Эдгээр асуудлууд төр Засгийн нэгдсэн бодлогогүй байсны үр дагавар болох нь харагдаж байна. Олон улсад цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлэх нь эдийн засгийг сэргээх хамгийн чухал хөшүүргийн нэг болохыг тогтоосон. Мөн үүн дээрээ ч тулгуурлан ажиллаж, тодорхой үр дүнгүүдэд хүргэсэн юм.

Харин манай улсын хувьд олон тооны үр дүнгүй хөл хорио, бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал нь иргэд, аж ахуй нэгжүүдийн зөв стратеги боловсруулах, шийдвэр гаргах боломжийг хязгаарласан. Энэ нь нийгмийн аль ч салбарт санхүүгийн хүндрэл үүсэх үндсэн шалтгааны нэг болсон. Тухайлбал, 2020 ДНБ нэрлэсэн үнээрээ өмнөх оноос 1% буурсан. Хэдийгээр энэ нь тийм ч муу үзүүлэлт биш гэж харагдаж байгаа ч, инфляцын нөлөөг арилгавал 5%-ийн бууралттай гарсан байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй дэмжлэгийн үр дүнгийн тухайд

Ус, цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар үйл ажиллагаагаа эрхэлж буй 95 мянган аж ахуйн нэгжүүд байна. Цар тахлын хугацаанд эдгээрийн 51 мянган аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцаж байгаа юм. Харин судалгаанд оролцогчдын аж ахуйн нэгжүүдээс үйл ажиллагааны төрөл харгалзахгүйгээр 61% нь уг хөнгөлөлтийг эдэлж байгаа гэдгийг тодорхойлсон. Энэ нь уг хөнгөлөлт чамлахааргүй бодит дэмжлэг болж буйг харуулж байгаа болов уу.

3 хувийн зээл

Засгийн газраас хэрэгжүүлж буй дараагийн нэг дэмжлэг нь ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл юм. Тус зээл нь бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй зээлийг 3 жилийн хугацаатайгаар олгож байгаа билээ. Судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдийн 17% нь уг зээлд хамрагдаж чаджээ.

Нийт аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгчдийн тоотой харьцуулбал ердөө 0.24%-ийг эзэлж байгаа юм. Зээлийн хамрал бага байгаа шалтгаан нь зээлийн нөхцөлийн уян хатан бус байдал, барьцаа хөрөнгийн шаардлага, зээлийн хугацааг богино болон зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн хамгийн том шалтгааны нэг бол бэлэн мөнгө болон хөрөнгийн эргэлтгүй болсон явдал. Гэвч гол асуудлыг шийдвэрлэх түлхүүр болсон дэмжлэгийн хүртээмж бага байгаа нь тоогүй.

НДШ-ийн хөнгөлөлт

Цар тахлын үед УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль баталсан ба тухайн хуулиар Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бусад нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, шимтгэл хугацаанд шимтгэл төлснөөр тооцох юм.

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 44% нь тус хөнгөлөлтөд хамрагдсан байгаа аж. Энэ нь тодорхой хэмжээнд бизнес эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг хөнгөвчилж байгаа болов уу.

Цаашид бизнес эрхлэгчдэд шаардлагатай дэмжлэгийн тухайд

Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд төр засгийн зүгээс нэн шаардлагатай байгаа дэмжлэгийг судалгаанд оролцогчдоос тодруулан дараах дүгнэлтэд хүрчээ. Үүнд:

  • Санхүүгийн дэмжлэг
  • ААН-ийн албан татварыг хойшлуулах, хөнгөлөх
  • Бизнесээ сэргээхэд төрийн нэгдсэн зохицуулалт хийх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах

Эдгээр дэмжлэгүүд нь үйл ажиллагааны төрөл харгалзахгүй бүх салбарт хэрэгтэй байгааг мөн судалгааны үр дүн тодотгож буй. Тухайлбал, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн.

Судалгааны үр дүнгээс үзэхэд үргэлжлэлтэй хугацаанд үйл ажиллагааны доголдолд орсон бизнес эрхлэгчид бэлэн мөнгөний хомстолд орж, цаашдын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй гол шалтгаан болж байгааг харж болно.

Иймд, төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нүдээ олсон, өндөр хүртээмжтэй, бодит үр дүнтэй байх шаардлагатай юм. Энэ нь эдийн засгийг сэргээх, хэвийн амьдралдаа эргэн орох гол хөшүүрэг болно.

Ковид-19-ын нөлөөгөөр бизнесүүдэд учирсан эрсдэл, бий болсон боломжууд болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар мэдээллийг “Mандал Эрсдэлийн Форум”-аас аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.