Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх бол дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байхаар төсвийн хуульд тусгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
parliament.mn

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2021.10.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын бүх гишүүд, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг болон удирдлага нь томилогддог төрийн байгууллагуудын болон төрийн захиргааны төв байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид, холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын 50 шахам гишүүн асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын бусад гишүүд хариулт өгсөн юм.

Монгол Улсын 2022 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг Улсын Их Хурлаас 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2022 онд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий 5.1 хувиас, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл ДНБ-ий 70 хувиас ихгүй байх төсвийн тусгай шаардлагад бүрэн нийцүүлж, хуулийн төслийг боловсруулсан.

Засгийн газар 2022 онд вакцинжуулалтын үр нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагааг бүрэн нээж эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг түлхүү хэрэгжүүлж эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг 5.0 хувийн өсөлттэй байхаар тооцож байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд  төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар зэс, нүүрснээс 2022 оны төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэх тул эдгээр бүтээгдэхүүн гол нэр төрлийн эрдэс баялагт тооцогдож байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тооцоход 2022 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 6,306.0 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 73.4 ам.доллар байхаар тооцжээ

Энэ үндэн дээр ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 381.3 тэрбум, нүүрсний орлогоос 262.1 тэрбум, нийт 643.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Түүнчлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа 67.2 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Төрийн үйлчилгээг оновчтой шийдэл бүхий санхүүжилтийн тогтолцоогоор шийдвэрлэнэ

Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн шинэчлэлийн хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт 2021 оноос эхлүүлсэн чанар, үр дүн, гүйцэтгэлд үйл ажиллагааг жигдрүүлж бүтэц, зохион байгуулалтыг эрүүл мэндийн салбарын бодлого, санхүүжилтийн бодлоготой уялдуулан оновчтой зохион байгуулах, байгууллагаас хэрэгжүүлэх худалдан авалтын оновчлол, шалгаруулалт ба гэрээлэлт, төлбөрийн болон чанарын хяналтыг сайжруулах зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалингийн хэмжээг хатуу зааж өгснийг доод хэмжээ болгон өөрчлөх зохицуулалт хийхээр холбогдох төслийг төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан.

Мөн  эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийх гол арга хэмжээний нэг нь 2022 оноос эхлэн иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах явдал юм. Өвчнийг эрт үед нь оношилж илрүүлснээр өвчин нь хүндэрсэн хойно нь биш, даамжрахаас өмнө эмчилж, иргэн болон төрөөс их хэмжээний зардал гаргахаас хамгаалахад чиглүүлж байгаа гэсэн хариулт өгөв.

Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг ирэх онд эхлүүлэхээр төсөлд тусгажээ. Боловсролын чанар, үр дүн болон хүртээмжийг тодорхойлохын тулд санхүүжилтэд нөлөөлөх хүчин зүйлсийг зөвхөн хүүхдийн тоо, барилга байгууламжийн ашиглалтаас гадна сургалтын орчин болон нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлсийн нөлөөллийг тооцож, хүүхэд хаана сурч байгаагаас үл хамааран суралцах тэгш боломжоор хангагдах, улмаар чанар, үр дүнгийн гүйцэтгэлийг урамшуулж, чадварлаг багшийг дэмжсэн, ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжтой байхаар төсөв, санхүүгийн шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа тул боловсролын шинэчлэлийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг салбарын сайд онцолж байв.

Монгол Улсын хүн амын хэтийн тооцооллоор 2030 онд сургуулийн насны хүн амын тоо 35.2 хувь, үүнээс бага ангийн хүүхдийн тоо 10.9 хувь, дунд ангиийнх 43.7 хувь, ахлах ангийн насны хүүхдийн тоо 64.8 хувь нэмэгдэх төсөөлөлтэй байгаа нь цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.

Нэг суралцагчид ногдох зардал хэт ялгаатай байна. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хүн амын төвлөрөл ихтэй газруудад нэг хүүхдийг сургах нэг жилийн дундаж зардал 1.0 сая төгрөг орчим байгаа бол бүлэг дүүргэлт доогуур байдаг Булган, Говь-Алтай, Дундговь зэрэг аймагт дунджаар 1.9 сая төгрөг буюу Улаанбаатар хотоос хоёр дахин өндөр байна.

Мөн сургуулийн хэв шинжээс хамаарч нэг суралцагчид зарцуулах зардал ихээхэн хэлбэлзэлтэй байна. Ингэж нэг хүүхдийг сургахад зарцуулж байгаа дундаж урсгал зардал ихээхэн хэлбэлзэж байгаа нь сургалтын хөтөлбөрийн онцлог, байршил, хэв шинж болон сургуулийн хүртээмжээс хамааран багш-сурагчийн тооны харьцаа, нэг бүлэгт хуваарилагдах хүүхдийн тоо болон барилга байгууламжийн хүчин чадлын ашиглалт, сургалтын орчин, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний хүрэлцээтэй байдал зэрэг хүчин зүйл ихээхэн нөлөөлж байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Ирээдүйн өв сангийн тухай хуульд нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлнэ гэж, “Алсын хараа-2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан. 

Иймээс байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, уг сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төвлөрүүлэх зарчим барьж байгаа аж. Ингэснээр Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болж, хадгалах, хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаараа өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулалт хийх боломжтой болох зохицуулалтыг ирэх онд бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Бүх шатны төрийн байгууллагууд хэмнэлтийн горимоор ажиллана

Төсвийн зарлагын тухайд ирэх онд төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллахаар төсвийн төсөлд тусгасан байна. Энэ хүрээнд төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор дараах зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх;
  • дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх;
  • Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх;
  • тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийх.

Төрийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр төсөв хэмнэж, иргэдэд хүргэх үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх зорилгоор бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, холбогдох зардлыг бууруулна. Мөн захиргааны албан хаагчид долоо хоногийн ажлын нэг өдөр нь гэрээсээ цахимаар ажиллахыг зөвшөөрөх, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглахаар тусгаан байна.

Бараа, үйлчилгээний зардлыг бууруулах чиглэлээр бүх шатны төсвийн байгууллагын дараах зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж дараах байдлаар санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ. Үүнд:

  • төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахуун;
  • гадаад албан томилолт;
  • зочин төлөөлөгч хүлээн авах;
  • тавилга, эд хогшил худалдан авах;
  • ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх;
  • сурталчилгаа хийх;
  • бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх;
  • биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах;
  • байгууллагын болон салбарын тэмдэглэлт өдөр, ой тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах;
  • салбартай холбоотой киноны уран бүтээл хийх; 
  • тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага шинээр автомашин худалдан авах;
  • албан конторын барилга шинээр барих зардлын санхүүжилтийг 100 хувь хязгаарлах.

Харин бичиг хэргийн зардал; Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлын санхүүжилтийг 50 хувь хязгаарлахаар тусгасан байна.

Засгийн газар ирэх онд нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож, халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсвийн төсөлд тусгасан. Манай улсын нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулж нийт хүн амын 80 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оролцуулаад ямар нэг тусламж, дэмжлэг хүртэж байгаа бөгөөд үүнд улсын төсвийн 30 хувийг зарцуулж байна. Халамжийн системээр олгож байгаа дэмжлэгийн 60 хувь нь хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогод хамааралтай байгаа бол халамжийн 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртдэг байна.

Иймээс нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавьдаг байх зохицуулалт хийхээр төлөвлөж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэллээ.

Мөн эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, сонгосон өрхийн амьжиргааг дээшлүүлж тодорхой хугацааны дотор ядуурлаас гаргах зорилтод төлөвлөгөөг халамжийн байгууллага хэрэгжүүлж үүнд хөдөлмөр эрхлэлт, өрхийн аж ахуй, үйлдвэрлэл, орлогын менежмент, зан үйлийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг цогц байдлаар авч үздэг болох аж. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн боловсрол сургалтын санхүүжилтийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хүрэх үр дүнд харгалзан санхүүжүүлэх хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, гишүүд төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ч.Ундрам, Н.Алтанхуяг нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Ингээд 22 цаг 26 минутад Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.