Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Монгол Улсын Их сургуулийн нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын их сургууль болон Монголын үндэсний их сургууль хэмээх хоёр нэр давхцаж, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул МҮИС гэх нэрийг буцаан авна гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь мэдэгдсэн.

Үүний хариуд МҮИС-аас салбарын сайдаа уучлалт гуйхыг шаардан, иргэний хэргийн шүүхэд хандсан юм.

Харин өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дээрх асуудалтай холбоотойгоор мөрдөн байцаагчид мэдүүлэг өгснийхөө дараагаар өөрийн байр сууриа цахим орчинд дахин илэрхийллээ. 

Тэрбээр "Тухайн үеийн Боловсролын сайдын 1992 оны оны аравдугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийг “Монгол Улсын Үндэсний Их сургууль” хэмээн нэрлэсүгэй” гэж статусыг МУИС-д албан ёсоор олгосон.

Энэ нэр бол Монгол Улсын оюуны өмчийн газар, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газруудаар баталгаажсан, МУИС-ийн өмч юм.

Би Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Их сургуулийн нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж удахгүй нэг талд нь гаргана.

Би Монголын Үндэсний Их сургууль гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм.

Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" гэжээ.