Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутны байранд халдвар авсан тохиолдолд тусгай хяналтын тасагт шилжүүлж, эмчилгээ хийж байна"

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Нийслэлд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулахаар болсон гэх шийдвэр гарсан уу?

Д.Оюунбат: -Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллах боломжийг судалж байна.

Гэхдээ хараахан эцсийн шийдвэр гараагүй, судалгааны түвшинд яригдаж байгаа асуудал бөгөөд шийдвэр нь удахгүй гарна.

-COVID-19 халдвараар өвчилсний дараа сэргээн засах эмчилгээнд эрүүл мэндийн байгууллага хэрхэн анхаарч байгаа вэ?

Б.Бямбадорж: -Коронавируст халдварын дараах сэргээн засах эмчилгээ тулгамдсан асуудал болж байна.

Энэ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлыг сэргээн засах төрийн болон хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хангасан.

Эрчимт эмчилгээний болон бусад нэгдсэн эмнэлэгүүдэд эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд сэргээн засах эмчилгээг эмгэг жамын эмчилгээтэй нь зэрэгцүүлэн аль болох эрт эхэлбэл үр дүнтэй байдаг. Эмнэлгээс гарсныхаа дараа ч сэргээн засах эмчилгээнд хамрагдах ёстой.

Сэргээн засах эмчилгээнд курс эмчилгээ гэж байдаггүй бөгөөд нийгэмд болон гэр бүлд нь түшиглэсэн эмчилгээг тасралтгүй явуулах ёстой. Энэ чиглэлээр удирдамж зааврууд гарч байгаа.

Мөн телемедициний технологийг ашиглан эмнэлгийн ор хоногийг богиносгож, үргэлжлүүлэн гэрээр сэргээн засах эмчилгээг хийхээр ажиллаж байна. Энэ тухай эргэн танилцуулна.

-Оюутны дотуур байранд халдвар гарсан тохиолдолд тухайн оюутанд ямар замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

Б.Бямбадорж: -Энэ тал дээр бид Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа.

Хэрэв оюутны байранд халдвар гарсан тохиолдолд тусгайлан түр хяналт хийх тасгийг нээж, тусгаарлан, халдвар дамжихаас сэргийлсэн ажлуудыг зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл, оюутны байранд байдаг оюутан халдвар авсан тохиолдолд тусгай хяналтын тасагт шилжүүлж, эмчилгээ хийж буй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/263728785762320