Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Крымийн прокурор асан эмэгтэйг Кабо Верде улсад суух ОХУ-ын элчин сайдаар томилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баруун Африкийн Кабо Верде улсад суух элчин сайдаар Думын гишүүн Наталья Поклонскаяг томилох зарлиг гаргажээ.

Поклонская нь 2002-2014 оны хооронд тухайн үед Украины газар нутаг байсан Крымийн хойгт прокурорын албан тушаал хашиж байсан юм.

Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэх үеэр тэр Украины прокурорын албан тушаалаас татгалзаж, ОХУ-ын харьяанд багтсан Крымийн Бүгд Найрамдах Улсын ерөнхий прокурор болж байв.

Поклонскаягийн мэдэгдэл хийсэн хэвлэлийн хурал тухайн үедээ дэлхий дахинд нэлээд дуулиан тарьж, царайлаг прокурор бүсгүйн анимэ хэлбэрийн зурагнууд интернэтэд өргөн тарж байсан юм. Энэ хурлын дараа Украины хуулийнхан Поклонскаяг эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнээр зарлаж байжээ.

 

Тэрбээр 2016 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүн болж, Думын гадаад бодлогын байнгын хорооны дэд даргаар ажиллах болсон юм.

“Би ерөнхийлөгчийн томилгоонд маш их талархаж байна. Кабо Вердед эх орноо төлөөлөх үйл хэрэгт өөрөөсөө шалтгаалах бүхнийг дайчлан ажиллах болно. Би Гадаад хэргийн яамнаас сургалт, заавар зөвлөгөө авсан. Шилдэг дилпоматчдынхаа ур чадвар, шилдэг туршлагыг эзэмшихийг хичээх болно” гэж Поклонская ТАСС агентлагт ярьсан байна.

Кабо Верде нь баруун Африкийн эргээс холгүй, Атлантын далайн төв хэсэгт оршдог, хагас сая орчим хүн амтай жижиг арал улс юм. 

 

Эх сурвалж: ТАСС