Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтээлч продюсерын сургалтын сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацаа сунгагдлаа

ikon.mn
2021 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Бүх урлагийн дотроос хамгийн нийлмэл хийгээд агуу нь гэгддэг кино урлаг, энтертайнмент салбарыг мэргэжлийн кино продюсергүйгээр төсөөлшгүй. Кино бүтээх бүтээлч үйл ажиллагааг анхны санаа төдийхнөөс үзэгчдийн хүртээл болгон бүрэн дуусгах хүртэлх бүх үе шатыг эхлүүлэгч бас төгсгөгч кино продюсер болох чин хүсэлтэй хүн бүхэн анхаарлаа хандуулна уу.

Монголын кино институт, IFI Production хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Бүтээлч продюсерын сургалт”-д богино болон бүрэн хэмжээний кино төсөл эхлүүлж буй продюсеруудыг бүртгүүлэхийг уриалж байна. Продюсероор ажилладаг болон продюсероор ажиллах сонирхолтой хэн ч болов уг сургалтын сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой юм.

2021 оны 11 сарын 16-20-ны хооронд зохиогдох “Creative Producing Lab” 5 хоногийн сургалтыг Монголын продюсер С.Уран (IFI Production), Францын продюсер Изабель Глашан (Chinese Shadows) нар удирдан багшилна. Уг сургалт нь залуу продюсеруудыг сонгон шалгаруулж ур чадварыг дээшлүүлэх, зохиолч найруулагч нартай ажиллах тал дээр зөвлөх, мэргэжлийн хүрээнд танигдах боломжоор хангах зорилготой юм.

Сургалтад суух продюсеруудыг сонгон шалгаруулах бүртгэлийн хугацаа сунгагдаж 2021 оны 10 сарын 20-ныг хүртэл явагдах ба бүртгэл болон сургалт нь үнэ төлбөргүй.

Сургалтын сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрэн кино төслийн зохиол шаардлагагүй ба зөвхөн цөөн үгээр илэрхийлсэн зохиолын тойм, продюсерын зорилгоо тодорхойлсон цөөн үгтэй тайлбар, продюсерын товч CV л хангалттай юм.

Продюсер өөрийн удирдах нэг төсөлдөө зохиолч эсвэл найруулагчийн аль нэгийг олсон байх шаардлагатай. Гэхдээ бүртгэлийн эцэст шалгарсан төслийн зөвхөн продюсер нь сургалтад хамрагдах аж.

Уг сургалтын эцэст нэг төслийг шалгаруулж Cineplus ХХК-ийн гэрэлтүүлгийн сет түрээсийн эрхийн 4,500,000 төгрөгний ваучер гардуулах болно.

Сургалтын сонгон шалгаруулалтын удирдамжтай https://mfi.mn/producinglab/ вебсайтаас танилцан бүртгүүлж болох ба бусад мэдээллийг facebook.com/MongolianFilmInstitute хуудаснаас авах боломжтой.

Сургалтыг хариуцан орох багшийн нэг С.Урангийн сургалтын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг эндээс үзнэ үү.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.