Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Star Trek” цувралын од сансарт ниссэн хамгийн өндөр настан боллоо

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн алдарт “Star Trek” уран зөгнөлт цувралд Ахмад Киркийн дүрийг бүтээсэн 90 настай Уилльям Шэтнер өчигдөр сансарт ниссэн хамгийн өндөр настан болж түүхэнд бичигдлээ.

Тэрбээр Амазоны Жэф Безосын үүсгэн байгуулсан Blue Origin компанийн хөлгөөр өөр гурван хүний хамт дэлхийн агаар мандал, сансрын уудам хоёрын хил заагт хүрсэн байна.

Тэд Баруун Техасын цөлөөс бүрэн автомат жолоодлоготой хөлгөөр хөөрч, 107 км өндөрт хүрээд буцжээ. Нислэг нийтдээ 10 гаруй минут үргэлжилсэн байна.

Шүхрээр газардсаныхаа дараа Шэтнер “Миний мэдэрсэн зүйл маш гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Би энэ мэдрэмжээ аль болох удаан хадгалмаар байна” гэж Безост хэлжээ.

Хөх тэнгэрээс сансрын гүн харанхуйд шилжих мөчийг тэр “үхэл гэж үүнийг хэлэх байх” хэмээн шагширсан байна.

Өнгөрсөн долдугаар сард болсон Blue Origin компанийн анхны нислэгээр Жэф Безос өөрөө сансарт нисэж байв. Хоёр дахь нислэгээ өчигдөр зохион байгуулжээ.

Тус компанийн хөлгөөр ниссэн хүмүүс гурван минут орчим хугацаанд жингүйдлийг мэдэрч, хөлгийн цонхоор дэлхийн бөмбөрцөг хэлбэрийг ажиглах боломжтой юм.

Безос өөрөө “Star Trek” цувралын том фэн бөгөөд 2016 оны “Star Trek Beyond” кинонд харь гарагийн зочны жижиг туслах дүр бүтээж байжээ.

Тиймээс тэр Уилльям Шэтнерт үнэ төлбөргүй сансарт нисэх урилга өгсөн юм байна.

Шэтнер 1966-1969 онуудад АНУ-ын телевизээр цацагдаж байсан “Star Trek” цувралд Ахмад Киркийн дүрийг бүтээж байжээ. Тухайн үед АНУ сансар судлалд ихээхэн анхаарал хандуулж, сарны гадаргуу дээр хүн буулгахаар шаргуу ажиллаж байсан юм.

Өчигдөр Безос газардсан хөлгийн бүхээгний хаалгыг өөрөө нээж, сансрын нисгэгчидтэй мэндчилж, дэлхийд тавтай морилохыг урьсан байна.

Шэтнертэй цуг Blue Origin компанийн дэд ерөнхийлөгч Одри Пауэрс, төлбөртэй зорчигчид болох NASA-гийн инженер асан Крис Бошуйзен, 3D программ хангамжийн компанийн захирал Глэн де Врис нар нисчээ.

Тэд хэр хэмжээний мөнгө төлж, сансарт ниссэн талаар Blue Origin компани мэдээлэл өгөөгүй байна.

 

Сансрын аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж буй нь өчигдрийн нислэгээс харагдаж байгаа юм. Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны Virgin Galactic компани өнгөрсөн долдугаар сард бас анхны нислэгээ үйлдсэн бол есдүгээр сард Илон Маскийн SpaceX анхны жуулчдын багаа дэлхийн тойрог замд хүргэж чадсан билээ.

Blue Origin компани энэ онд болон 2022 онд хэд хэдэн нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Associated Press