Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батжаргал: Төр боловсролыг тэргүүлэх салбар гэж үзэж байгаа бол санхүүжилтээр нь баталгаажуулах хэрэгтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Боловсролын салбарын санхүүжилт: Асуудал, шийдэл" үндэсний хэлэлцүүлгийн үеэр Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргал уг салбарын санхүүжилтийг тогтвортой байлгах нь зүйтэй гэх санааг дэвшүүллээ. 

Тэрбээр "Эрх тэгш байдлын төлөөх санхүүжилт: ИНБ-ын байр суурь" хэмээх илтгэлдээ "Төр боловсролыг тэргүүлэх салбар гэж үзэж байгаа бол түүнийгээ санхүүжилтээр нь баталгаажуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төсөвт эзлэх хувийг тогтвортой байлгах ёстой. 

Улсын төсвийн зардлын 20 хувь, ДНБ-ий 6 хувь гэх мэтээр тогтвортой байлгах нь зүйтэй хэмээн 2008 оны Ослогийн тунхаглал, 2015 оны Инчеоны тунхаглалд санал болгосон байдаг" гэдгийг онцоллоо. 

Манай улсад боловсрол олгох үйл ажиллагаа нь ихээхэн зардал шаардагддаг гэдгийг тэрбээр мөн дурдсан бөгөөд үүнд гурван шалтгаан бий аж. Эдгээр нь

  1. Газар нутаг өргөн, хүн ам тархан суурьшсан. 400 орчим сум байгаа бөгөөд тус бүрд нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг байх шаардлагатай болдог.
  2. Хүйтэн сэрүүний улирал удаан үргэлжилдэг тул халаалтын зардал өндөр болдог.
  3. Боловсролын салбар нь хөдөлмөрийн багтаамж болон орц ихтэй. Иймд цалингийн зардал их. Бусад улстай харьцуулахад салбарын санхүүжилтийн зардлын ихэнх хувь нь цалинд зарцуулагддаг байна.