Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

AR, VR технологи ашигласан сургалт зохион байгуулах арга зүй

ikon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал явагдаж буй өнөө үед салбар бүрд цахим технологи нэвтэрч байна. Боловсролын салбарын хувьд ч мөн адил үе шаттайгаар шилжилт хийж байна.

Манай улсын ерөнхий боловсролын 27 сургуульд болон МУИС, МУБИС, ШУТИС-д Солонгос улсын “Ухаалаг анги” төсөл хэрэгжиж, 30 таблеть бүхий иж бүрэн анги тохижуулж өгсөн байна. Мөн их дээд сургуулиуд Augmented Reality (AR), Virtual Reality (VR) технологи ашигласан сургалтад зориулсан тусгай тоног төхөөрөмж бүхий лаборатори, анги нээсэн байна. Хэрэв бид сурагчдын хувийн ухаалаг гар утасны боломжийг оролцуулан тооцвол ихэнх сургуульд AR, VR ашигласан сургалтыг зохион байгуулах боломжтой байгаа юм.

Сургалтын хэрэглэгдэхүүний хувьд ЕБС-ийн сургалтын агуулгаар Аргун компани “AR”  хэрэглэгдэхүүн, МУИС-ын гарааны компани болох Дижитал Солюшнс компани “VR” сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлсэн байна. Мөн ШУТИС өөрсдийн хэрэгцээ, онцлогт тохирсон AR, VR хэрэглэгдэхүүнийг хөгжүүлж байна.

 
Зургийг Gorodenkoff/Shutterstock.com оос авч ашиглав

Эдгээрээс харахад манай улсад хөдөлгөөнт төхөөрөмж, AR, VR технологиуд ашигласан сургалт зохион байгуулах боломж байгаа хэдий ч энэ чиглэлийн сургалт, судалгааны ажил, түүний үр дүнг харуулсан эрдэм шинжилгээний ажил маш цөөн байна. Иймээс энэ чиглэлийн судалгааны ажлыг эхлүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор боловсролын салбарын багш нар болон оролцогчдод зориулан технологи ашигласан сургалт хэрхэн зохион байгуулах тухай энэхүү зөвлөмж мэдээллийг  хүргэж байна.    

1. Яагаад AR, VR технологи сургалтад ашиглах хэрэгтэй вэ?

Хөдөлгөөнт төхөөрөмж дээр суурилсан AR, VR технологиуд шинжлэх ухааны аливаа  хийсвэр ойлголт болон агуулгыг харах, мэдрэх, турших боломжоор хангадаг. Ингэснээр AR, VR сургалтын хэрэглэгдэхүүн ашигласан сургалт нь сурагчдын сонирхол, идэвх оролцоо, сурлагын амжилт, мэдлэгийг хадгалж буй хугацаа нь уламжлалт сургалттай харьцуулахад илүү байдаг. Мөн сурагч  бүр өөр өөрийн төхөөрөмжтэй ажилласнаар хүүхэд нэг бүрийн онцлог, хурд, түвшинд нь тохирсон сургалт зохион байгуулах боломжтой гэх мэт давуу талуудтай.   

 
Зургийг Gorodenkoff/Shutterstock.com оос авч ашиглав

2. AR, VR технологи ашигласан сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

АНУ-ын  судлаач Крис Деде конструктивист сургалтын онолд үндэслэн сургалтын зохион байгуулахыг зөвлөсөн бол Сингапур улсын судлаач Гво-Жен Хваны зөвлөж буйгаар AR, VR технологи ашигласан сургалтыг илүү чанартай, үр нөлөөтэй болгохын тулд тохирсон сургалтын загварыг бий болгох хэрэгтэй гэсэн байна. Сургалтын загвар гэдэг нь сургалтын зорилго, хүлээгдэж буй үр дүнг бодит болгохын тулд арга зүйн дагуу хийх сургалтын үе шатууд, үе шат бүрд сурагчдын хийх үйл ажиллагаа, ашиглах хэрэглэгдэхүүн зэргийг нарийн төлөвлөсөн сургалтын талаарх цогц төлөвлөгөө, зураглал юм. Мөн агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн гэсэн гурван гол зүйлийн уялдаа холбоог маш сайн харгалзан үзэх нь сургалт үр дүнтэй болох нэг үндэс нь болж өгдөг байна.

3. Үр нөлөөг хэрхэн хэмжих вэ?

Сургалт амжилттай болсон эсэх, уламжлалт болон бусад сургалтаас үр дүн нь илүү байна уу?, дутуу байна уу?, сурагчдад зорилтот мэдлэг чадвар хандлага төлөвшсөн эсэх, технологи ашиглалт нь сурагчдад ачаалал бий болгосон, эсвэл сонирхол бий болгосон эсэх, сайжруулах шаардлагатай эсэх гэх мэтийг мэдэхийн тулд бид сургалтын үр дүнг хэмжиж, тодорхойлох шаардлагатай.

Юуг хэмжих вэ? Технологи ашигласан сургалтын үр нөлөөг бид нүдээр харж, амаар багцаалан хэмжих боломжгүй учраас шинжлэх ухааны үндэслэлтэй, найдвартай байдал, хүчинтэй байдлыг хангах асуулга, тестийг ашиглах шаардлагатай. Шаардлага хангах тохирсон асуулга, тестийг сонгосон бол түүнийгээ ашиглан сурагчдын сурлагын амжилтыг хэмжих буюу ахицыг хэмжих, сурах үеийн сэдэл, сонирхол хэмжих, мөн технологи ашиглан шинэ агуулга үзэж буй учраас танин мэдэхүйн ачаалал, гүйцэтгэл зэргийг хэмжих хэрэгтэй.

Яаж хэмжих вэ? Одоогоор хийгдсэн Гво-Жен Хван, Су Цай зэрэг судлаачдын судалгаанаас харахад ихэвчлэн хэрэглэж буй арга нь туршилтын судалгааны арга байна. Туршилтын судалгааны  арга нь хоёр болон түүнээс дээш бүлгийн нэг ижил түвшиний сурагчдыг сонгон авч нэг бүлэгт технологи ашигласан сургалтын туршилт, нөгөө бүлэгт уламжлалт сургалтыг ижил хугацаатай зохион байгуулна. Туршилтын явцад сурагчдад гарсан өөрчлөлтийг сонгосон багажаар хэмжиж, дата боловсруулж, бүлгүүдийн үр нөлөөг харьцуулах замаар сургалтын болон технологийн үр дүнг тодорхойлно.

Технологи ашигласан сургалт нь багшаас бэлтгэл, цаг их шаардах боловч  сургалтад хамрагдсан сурагчдын хувьд гүнзгий сэтгэгдэл үлдээдэг. Иймээс багш, судлаач та бүхнийг эдгээр технологийг сургалтдаа ашиглаж, сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг өөрчилж, судалгааны ажил хийхийг санал болгож байна.

Энэхүү нийтлэл нь “AR, VR технологи ашигласан сургалт”  сэдвийн хүрээнд бичигдсэн цуврал нийтлэлийн эхнийх бөгөөд цаашид AR болон VR хэрэглэгдэхүүнийг сургалтад туршсан үйл явц, үр нөлөөний талаар мэдээлэх болно.

 

МУБИС МЗТ багш Б.Норжинбуу (Ph.D)

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.